Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 10

Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэдэг. Тэгвэл өнөөдөр Монгол цэргийн сүр жавхланг илтгэсэн парад Их Жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Монгол төрийн далбааны өдөрт зориулсан энэхүү парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний цэрэг дайчид, Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдоос гадна Хил хамгаалах байгууллага, Дотоодын цэрэг, Дотоод хэргийн их сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын бие бүрэлдэхүүний төлөөлөл болох 2000 гаруй цэргийн алба хаагч оролцсон юм. Энэ жилийн цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай командалсан бөгөөд тэрбээр гурав дахь жилдээ командлаж байгаа нь энэ ажээ.

Монгол Улсын “Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн хүндэтгэлийн жагсаалын бэлтгэл тавдугаар сарын дундаас анги салбарт хүн нэг бүрийн бэлтгэлээр эхэлсэн ба зургадугаар сарын 20-ноос нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их хурлын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, гадаад дотоодын хүндэт зочид энэ удаагийн арга хэмжээнд урилгаар оролцсон юм.

 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top