Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Монгол бөхийн ёс жудаг, эр хүний сайхан чанар, төлөвшилтийг орхигдуулж болохгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 11





 
 Эрт эдүгээгийн алдарт хүчтэнүүдийнхээ адил хөдөө нутгийн ариун дагшин хөрс шороон дээр төрж өсч, Өмнөдэлгэрийн сургуулийн танхимаас  барилдааныхаа гарааг эхэлсэн, эзэн Чингисийн өлгий Хан Хэнтий нутгийн хүү Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ бол “Монгол Улсын дархан аварга” хэмээх эрхэм дээд цолыг хүртсэн цөөхөн хүчтэний нэг, ард түмэн, бөхчүүддээ “Их аварга” хэмээн хайрлагдан хүндлэгдэж явах хувь тохиосон хүн билээ.

Радио телевиз, хэвлэл мэдээллийн ажилтнууд Б.Бат-Эрдэнэ аваргатай баяр наадмын дэвжээг чимж ид барилдаж явахад нь олонтаа уулзаж, ярьж хөөрч явсан ч өөрийнх нь тухай тун цөөн зүйлийг сонссон байдаг. Тэрбээр “Би жирийн нэг тамирчин, онцгой гавъяа байгуулчихсан хүн биш шүү дээ” гэж нэгэн ярилцлагадаа өгүүлсэн нь бий. “Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу” гэдэг дээ. Бодвол аварга бөхийн дэвжээнд бүхнээ хэлсэн, хэлнэ гэж боддогоос нэг их юм ярьдаггүй байсан болов уу. Харин одоо өөрийнхөө тухай цөөн боловч үг хэлж ярьдаг болсон.

Энэ их бөхийн барилдааных амжилтын намтар түүхийг өгүүлсэн сурвалжилсан тэмдэглэл, бодол эргэцүүлэл, дурсамж ярилцлагын “Монгол Улсын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ” хэмээх ном бичиж өргөн олны хүртэл болгохоор шийдэж энэ номынхоо “Сэтгэлд мөнхрөн үлдэх дурсамжууд” гэсэн бэсрэг бүлгийн хойморт их аваргыг урьж, Л.Бадмаанямбуу аав, Д.Цэнд ээжийн хүү болж хорвоод мэндэлсэн тэр цаг мөчөөс өнөөдрийн өдрийг хүртэлх амьдрал ахуй, гэр бүл, үр хүүхэд, барилдааны намтар түүх, бөхийн ёс жудаг гээд өргөн дэлгэр сэдвээр хуучилсан юм. Энэ хууч ярианаас нутаг ус, аав ээж, бөхийн ёс жудаг, эр хүний эрхэм чанар, төлөвшилтийн талаар юу гэж өгүүлснийг уншигч олондоо хүргэе.

-Монгол орны ариун дагшин хийморлиг нутгийн нэг нь Хан Хэнтий аймаг. Ой хөвчөөр баян, рашаан ус нь ундарсан энэ сайхан нутаг усанд төрж өссөн хүн. Нутаг ус, хүүхэд ахуй насны тань гэгээн  сайхан  дурсамжаар  ярилцлагаа  эхлэх  үү?
-Би Хан Хэнтийд төрж, Хэрлэн голын усаар ундаалж өссөн хүн. Хүний унасан газар, угаасан ус гэдэг цаг үргэлж сэтгэлийн үзүүрт уяатай, жил ирэх, нас ахих тутам улам их санагддаг болох юм. Өндөрхаанд төрж, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр сумын нутагт хүүхэд ахуй нас минь өнгөрсөн. Миний төрж өссөн нутаг ус даанч сайхан нутаг л даа. Уултай устай, тал хөндий, ой хөвч хослосон сайхан нутаг. Би тэнд анх хөлд орж, хурга тугалд гүйж, голынх нь хөвөөнд үеийнхэнтэйгээ ноцолдож унахдаа унаж, хаяхдаа хаяж, усанд нь шумбаж умбаж өссөн хүн. Хүүхэд ахуй насны минь эгэл борхон амьдрал өчигдөрхөн юм шиг санагдаж байна.

Аав, ээж, ах, эгч нартайгаа хамт байсан хүүхэд ахуй насныхаа гэгээн сайхан үеэ эргэн дурсахад сайхан байна. Бидний үеийнхэн хатуу гараар зөөлөн хүмүүжсэн улс. Нэг мөнгийг хоёр болго гэхээс нэг мөнгийг алга болго гэж бидэнд сургаж байсангүй. Тэр жилийн наадмаар 8 төгрөгтэй яваад 5 төгрөгөөр нь дүүтэйгээ хуушуур авч идээд, үлдсэн 3 төгрөгийг аавдаа буцааж өгч байлаа. Би чинь аавынхаа 48, ээжийнхээ 43-тайд төрсөн хүн шүү дээ. Аав ээж хоёрынхоо хайр энэрэл дор өнгөрүүлсэн хүүхэд ахуй нас минь, аав ээжтэйгээ элэг бүтэн байсан тэр он жилүүд хүний амьдралын хамгийн гэгээлэг сайхан, жаргалтай  үе  байж  дээ.

-Тийм ээ, үнэхээр ариун дагшин нутаг ус. Түүний дээр эзэн Чингисийн маань өлгий нутаг гэхээр таны сэтгэлд илүү дотно, омог төгөлдөр  буудаг  байх?
-Манай түүхэнд Чингис хааныхаа нэрийг чангахан хэлэх эрхгүй он жилүүд байсан. Харин нилээд тодорхой ойлголт суусан үе гэвэл яах аргагүй ардчиллын он жилүүдээс эхтэй. Монгол улсын үндэсний бахархал бол эзэн Чингис хаан маань л юм байна гэж тэр үеэс л хэн хүнгүй бодож эхэлсэн байх. Энэ хүн монгол үндэстнийг нэгэн жолоонд оруулж, нэгдсэн Их Монгол улсыг байгуулсан. Их сэтгэгч, онолч, цэргийн гарамгай жанжин байлаа. Түүнтэй эн зэрэгцэх хүн дэлхийд ховор гэж эрдэмтэн мэргэд судлаачид үздэг.

Энэтхэгийн ерөнхийлөгч асан Жавахарлал Неру гуай “Юлий Цезарь, Македоны Александр, Наполеон Бонапарт нар Чингисийн дэргэд юу ч биш” гэж бичсэнийг олж уншсанаа санаж байна. Дэлхийн аль ч улс оронд, хаана ч явсан Чингис гэхээр Монгол, Монгол гэхээр Чингис гэж биднийг таньж хүндэтгэж байх жишээтэй. Биднийг ийм өндөр түвшинд хүлээж авч хүндэлдэгийг бодохоор эзэн Чингисээрээ  бахархахгүй  байхын  аргагүй.

-Аав ээж, эцэг өвгөдийнхөө тухай арай дэлгэрүүлж хуучлахгүй юу?
“Б.Бат-Эрдэнэ аваргын аав бид нэг нутгийн үлс. Өвөө нь Орвоон дархан гэж их том биетэй, нутагтаа нэртэй тохьтой хүн байсан. Л.Бадмаанямбуу гуайн дүү Л.Намшир нь миний нагацтай нас чацуу, цэрэгт цуг мордож, хамт алба хааж байсан юм. Одоо ч гэсэн жигтэйхэн дотно шүү” хэмээн Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч, зохиолч сэтгүүлч Л.Дашням дурсан ярьсан байдаг.
-Миний аав Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн хүн. Багадаа Булган сумын Баатарынх гэдэг айлд үрчлэгдсэн юм билээ. Аавын төрсөн эцэг Лувсандорж гэж хүн байсан. Манай тэр өвөг эцгийг нутгийнхан нь Орвоон дархан гэцгээдэг. Их том биетэй, хар төмрийн дарх л хийдэг, алт мөнгөний дарх гээд нарийн зүйл хийдэггүй, зөвхөн хар төмрөөрөө дагнасан хүн байсан гэдэг. Манай аав Булган суманд бага насаа өнгөрүүлсэн хүн. Хүн эмнэлгийн сургуульд орсон ч биеийн эрүүл мэндийн байдлаас болоод сургуулиа төгсөж чадаагүй орхиж, дараа нь багшийн сургуульд суралцан төгсөж, Баянхонгор аймгийн Баянлиг, Баацагаан, Бууцагаан зэрэг суманд багшилж байсан. Одоо ч гэсэн аавын шавь нар нь гээд настай хөгшчүүл байдаг юм.

Багш, эмч нарыг цэрэгт татдаггүй байсан болохоор аав Халх голын дайнд оролцоогүй. Харин 1942 онд цэрэгт татагдаж цэргийн ерөнхий сургуульд суралцаж төгсөөд танкийн механик, жолооч мэргэжилтэй болж 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явжээ. Дараа нь Хэнтий аймгийн төвд байрлаж байсан танкийн бригадад алба хаагаад энх цаг ирж цэрэг армийг цөөлж цомхотгох үед 1952 онд халагдаж, ээжтэй гэр бүл болж Хэнтий аймагт суурьшсан хэрэг. Багшийнхаа ажлыг хийлгүй шууд жолооч болсон юм. Хэнтийн авто тээврийн аравдугаар бааз, Өндөрхааны сангийн аж ахуйд олон жил жолооч хийсэн дээ.

Миний ээж Даржаагийн Цэнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, хуучнаар Сэцэн хан аймгийн Мэргэн гүний хушууны Агийн Даржаа гэдэг хүний хүүхэд, хошуу ноёны удмын хүн. Ээжийн дээр хоёр ч эрэгтэй хүүхэд гараад багадаа арав орчим насандаа эндчихсэн гэдэг. Хоёр ах нь бүтээгүй болохоор ээжийг их энхрийлж, хүмүүсээс нууж, манай нутгийн Хүүхэн хутагтынд аваачиж орхиод хөлд орсон хойно нь авсан юм билээ. Хүүхэн хутагт гэдэг хүн бол Өмнөдэлгэрийн баруун залгаа Жаргалтхан сумаас тодорсон, Халхын тамгатай хутагтуудын нэг. Ээжийг бүр том болтлоо буруу энгэртэй дээл өмсдөг их энхрий хүүхэд байсан гэж 96 нас сүүдэр зооглосон манай эмээ ярьдаг байлаа.

Харин Даржаа өвөө идэрхэн насандаа бурхан болсон гэсэн. Манай ээжийн хамаатан Цэнджав буурай “Агийн Даржаа бол их өндөр сайхан биетэй, морь уядаг хүн байлаа. Би морийг нь их унасан. Танай ээж бие томтой хүүхэд болохоор хурдны морь нэг их унаагүй. Манайхан Агийн Даржаа гэдэг хүнийг “ажаа” гэж авгайлдаг байсан. Манай ажаа баян айлын эрх дураараа өссөн хүүхэд. Олон сайхан хурдан морьдтой хүн байж билээ. Нас гүйцсэн морины дэл засаж, хөхөл боож байгаа нь дааганы дэргэд зогсож байгаа юм шиг харагддаг. Хүмүүс ажаатай ярихдаа бараг дээшээ өлийж байж ярьдагсан” гэж хуучилж байсан. Тэгэхээр хоёр талын өвөө нар минь аль аль нь бие томтой улс байсан байгаа юм.

-Таны өвөө Орвоон дарханыг Баянхонгор аймгийн уугуул гэж ярихыг сонсож явсан. Бас таныг Жамбал гэж барилддаг хүний охины хүүхэд, бөх удамтай гэж ч бичиж  байсан?
-Манай өвөө Орвоон дарханы удам судрыг одоогийн Баянхонгор аймгаас гаралтай, Архангайн Цэнхэрийн нутагт нүүдлэн ирж суурьшсан болов уу гэсэн яриа хуучцуулын дунд байдаг. Түүнийг нь сонирхож судалж үзэхэд дээрх яриа батлагдаагүй.

Миний өвөө Агийн Даржааг өөд болсноос хойш нэг нутгийн Жамбал гэдэг хүн манайд орж суусан, нэг үгээр хэлэхэд миний ээжийн хойт эцэг нь болсон хэрэг. Тэр Жамбал барилддаг байж. Энэ түүхийг одоо нарийн мэдэх хүн цөөн болсон. Намайг бөх болоод гараад ирэхээр бидний түүхийг нарийн мэдэхгүй хүмүүс “Энэ Бат-Эрдэнэ бол Жамбалын охины хүүхэд, бөх болох хүн. Энэ хүү бөхийн удамтай” гэцгээдэг байв. Гэтэл би тэр Жамбалын удмын хүн биш, Агийн Даржаагийн удам, ганц охиных нь хүүхэд байгаа юм.

-Манай ард түмэн бөх хүн шиг гүндүүгүй сайхан, бөх хүн тийм муухай юм хийхгүй хэмээн бөхчүүдээ сайны үлгэр дууриалал болгож ярьдаг. Бөхийг хүндлэн дээдлэнэ гэдэг монгол хүний эрхэм чанарын нэг байдаг. Бөхчүүдийн нэр хүнд, хайр хүндэтгэл, ёс жудагийн талаар аварга та юу хэлэхсэн бол?
-Манай ард түмэн бөхөө хайрлан хүндэлж ирсэн улс. Ямарваа нэг баяр ёслол цэнгүүнээ бөхчүүдээрээ дамжуулж мэдэрдэг болохоор бөхчүүдээ өөрөөр харж хар буруу, хир халдаах дургүй байдаг. Гудамжинд хэн нэг согтуу хүн тавьтаргүйтэж байхад түүнийг харсан хүн “агсам эр байна” гэсхийгээд нэг их тоохгүй яваад өгнө. Тэгвэл бөх хүн тийм байдалтай байхыг харвал ихэд гайхан цочирдоно.

Өнөө цагт худал хэлэх, хууран мэхлэх, урван хөрвөх явдал газар авсан атал бөх хүн тийм юм хийвэл нэг хэсэгтээ итгэж ядан шуугина. Бөхөөс барилдааных нь ур чадварыг харж баясахаас гадна хүн чанар, ёс жудаг, зан суртахууныг нь харж үлгэр авч байдаг болохоор бөхчүүдийн тэр алдаатай гаж буруу үйлдэл ард түмэнд хүнд тусдаг. Мэр сэр бөхчүүдийн жудаггүй занг Монголын нийт бөхчүүдэд нялзааж ард түмэн минь ойлгох вий гэж санаа зовж явдаг юм. Нэг тэмээний хоргол өнхрөхөд мянган тэмээ бүдэрдэг гэж үг байдаг. Бөхчүүд бидний алдар цол гуншинд ард түмний минь хайр хүндэтгэл шингээстэй байдаг гэдгийг мартаж болохгүй.

Монгол бөхчүүд маань түүхийн ээдрээтэй цаг үеийг туулж өнөө үед ирэхдээ ард түмнийхээ энэ өв, уламжлалт соёлыг гээлгүйгээр хадгалж хөгжүүлж ирсэн гавъяатай улс. Бид хуучин нийгмийн тогтолцооны өнгөрсөн он жилүүдэд хуучин нийгмийн үлдэгдэл нэрийн дор түүх, соёлын хичнээн үнэт, дурсгалт зүйлсээ устгав даа. Харин ийм ороо бусгаа цаг үед бөхчүүд маань монгол бөхийн өв, ёс заншлаа гээлгүй, эцэг эхээс өвлүүлж өгсөн эр хүний олон сайхан чанарыг хадгалж, тэр чанараар ард түмнийхээ дунд домогшиж, хайр хүндэтгэлийг хүлээж ирсэн. Эртний түүхээс үзвэл бөхчүүд өөрсдөө төрт ёсыг дээдлэх, хууль цаазыг сахих, ахас дээдэс, ахмад цолтноо хүндлэх ёс уламжлал хатуу хадгалан бидний өнөө үед хэрэгжсээр ирлээ. Бөх хүний өөрийнх нь дотоод сэтгэл байнга бусдын төлөө, бусдад туслахсан, бусдыг баярлуулах гэсэн сайхан сэтгэл агуулж, ийм сэтгэлээр монгол бөх оршин тогтнодог гэж хэлж болох билээ.

Нийгэм маань ёс суртахууны хувьд доройтож буйг бид харж л явна. Даруй засч залруулахгүй болбоос Монгол улс, монгол үндэстний хувьд ихээхэн хохиролтой ч байж мэдэх юм. Нийгмийн энэ ёс суртахууны доройтол бөхийн ёс жудагт шууд болон шууд бишээр нөлөөлөх болсны дээр орчин үеийн бөхийн спортын төрлийн тэмцээн, нэг медалийн төлөөх ширүүн өрсөлдөөн тэмцэл монгол бөхөд холилдон орж ирсэнтэй холбоотой. Жишээ нь унасан ч тахимаа өгдөггүй маргадаг, эсвэл хоёулаа унасан ч дэвээд явчихдаг зэрэг монгол бөхөд хэзээ ч байгаагүй ёс жудаггүй явдал газар авч байгаа нь бидний сэтгэлийг зовоож байгаа билээ.

Ер нь спорт хатуу дэг журамтай, зохион байгуулалттай, сахилга баттай, өндөр ёс суртахуунтай байх зайлшгүй шаардлагатай. Спортын од болон гялалзаж байгаа хүмүүс зөвхөн спортын амжилтаараа төдий бус, өөрт байх хүмүүжил, ёс суртахуун, зан чанараараа өв тэгш байж, үлгэр дууриал болж байх ёстой. Бусад улс орнуудад нийгэмд өгч байгаа үр өгөөж, ач холбогдлыг анхаарч үзэж төрийн бодлогоор дэмжиж байдаг.

Гэтэл манайд спортын амжилт гаргах авъяасыг гол шалгуур болгож, хүнд байх ёстой ёс суртахуун, сахилга бат зэрэг хүмүүжлийн ач холбогдол бүхий зүйлийг нь орхигдуулж ирсэн. Тийм учраас биеийн тамир спортыг зөв голдрилоор хөгжүүлэхийн тулд анхан шатны секц дугуйлангаас авахуулаад бүх шатны сургуулиудад орж байгаа биеийн тамир спортын хичээлийг явуулах стандарт агуулга чанарыг дээд шатанд гаргах, биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролд зайлшгүй анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

-Хакүхо М.Даваажаргалыг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсны дараа та “М.Даваажаргал маань мундаг сайхан эр болж, сайхан ч төлөвшиж. Уулзаад ганц нэг үг солиход л байр байдал нь мэдрэгддэг дээ. Сүмо хүнээр хүн хийж, бие бялдар, сэтгэл зүй, ёс суртахууны хувьд аргагүй л төлөвшүүлж өгдөг юм байна. Тэгэхээр бид монгол үндэснийхээ бөхийг сүмо шиг тэр сайхан жаяг, үнэлэмжийг хадгалж хөгжүүлж, зөвхөн тэмцээн уралдаанаар ойлгож явах нь учир дутагдалтай, хүнийг бүх талаар төлөвшүүлдэг арга сургууль гэж ойлгож явах нь зөв зүйтэй байх” хэмээн өгүүлж байсансан?
-Бидний монголчууд “Бөх нь түвшин байвал монгол эр түвшин байна, эр хүн түвшин байвал гэр бүл түвшин байна, гэр бүл түвшин байвал төр улс түвшин байна” хэмээн сургаж ирсэн. Тиймээс монгол үндэсний бөх хэмээх энэ агуу гайхамшигтай соёлыг эцэг өвгөдөөс өвлүүлэхдээ монгол эрчүүдийг төлөвшүүлэх том арга сургууль болгож байжээ. Өнөө цагт энэхүү уламжлал дээр түшиглэн монгол үндэсний бөх хөгжих ёстой. Монгол үндэсний бөхийг зөвхөн тэмцээн уралдаанаар хязгаарлаж ойлгох нь учир дутагдалтай бөгөөд хүнийг бүх талаар төлөвшүүдэг арга сургууль гэж ойлгож явах нь зүйтэй. Сүүлийн дөч шахам жилд монгол үндэсний бөхийн ёс жаяг зарим талаар алдагдсан гэж хэлж болно.

Учир нь юу гэвэл орчин үеийн бөхийн спортын төрлүүд дэлхийн улс орнуудад түгэн дэлгэрч эрчимтэй хөгжиж, монгол бөхчүүд ч олимпийн төрлийн болон дэлхийд эрчимтэй хөгжиж буй бөхийн бусад төрөлд татагдан хичээллэх болсноор монгол үндэсний бөхийн барилдааны арга барил, түвшин, чанар сайжирсан нь сайшаалтай. Харин бөхийг зөвхөн гадна хэлбэрээр барилдааных нь амжилт, ур чадвараар нь үнэлдэг гажуудал давамгайлах болсноос уламжлалт дотоод сэтгэл зүй, ёс жудаг, монгол эр хүнийг төлөвшүүлдэг үзэл санаа нь суларсан тал бий. Монгол үндэсний бөхөө мэргэжлийн сүмо шиг тэр сайхан жаяг, үнэлэмжийг хадгалан хөгжүүлэх шаардлагатай. Монгол бөхийн ёс жудаг, эр хүний сайхан чанар, төлөвшилтийг л орхигдуулж болохгүй юм.

Нөгөө талаар барилдааны арга барил, түвшин сайжирсан нь барилдаанд залуу бөхчүүдийн оролцох хүрээ хязгаарлагдмал болсон. Залуу сонирхогч бөхчүүд өндөр шалгуурыг давж байж уралдаан тэмцээнд оролцох болсон нь тэдний нэлээдийг сонирхлоо орхиход хүргэсэн. Иймийн тулд нэгэн зиндааны залуусыг өрсөлдүүлэх, монгол бөхийн ёс жудгийг өвлөх, бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор нийтийн монгол бөхийн барилдааныг хот хөдөөд зохиох боллоо.

Хөлийн цэц, засуул, бөхчүүдээсээ эхлээд үзэгчид хүртэл бөхийн соёл, ёс жудгийг дээдэлсэн хэмжээнд л нийтийн монгол үндэсний бөхийн барилдаан болох ёстой юм. Цаашдаа нийтийн монгол үндэсний бөхийн барилдааны хөгжлийн асуудлыг төрийн бодлогын хэмжээнд анхааран үзэж, дэмжин тусалж  хөгжүүлэх зайлшгүй шаардлага урган гарч байна. Түүнчлэн монгол үндэсний бөхийн сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт оруулах нь ач холбогдолтой болов уу гэж боддог.

Нийтийн монгол бөхийн барилдааныг улс орон даяар идэвхтэй, эрчимтэй хөгжүүлснээр нийт эрчүүд маань бие бялдар, дотоод сэтгэл зүйн хувьд улам төгөлдөржин хөгжих, ёс суртахуун, уламжлалт ёс жудаг төлөвших боломж  бүрдэх юм.

-Та “Бээжин 2008″ олимпийн их наадмаас манай тамирчдаас медаль хүртэнэ, олимпийн аварга цолтон төрнө” хэмээн итгэлтэй өгүүлж байсан. Аварга таны амны билгээр олимпийн анхны аварга төрж монгол түмнээ ёстой нэг магнайг нь тэнийтэл баярлууллаа даа. Төрөх төрөхдөө хоёрын хоёр, бүр танай “Аварга” сургуулиас тань төрлөө шүү?
14-ний өдөр монголчуудад, Монголын тамирчдад ач ивээлээ харамгүй хайрласан мартахын учиргүй өдөр санж. Одоогоос 41 жилийн тэртээх 1967 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр монгол хүн дэлхийн спортын түүхэнд нэрээ мөнхөлж, Жигжидийн Мөнхбат хэмээх хорин зургаахан настай залуухан эр дэлхийн медалийн салхийг хагалан, анхны медалийн шанг татаж, дэлхийн дэвжээнээс дэлхийн аваргын анхны медалийг эх орондоо авчирч, монголчууд биднийгээ баяр хөөрөнд умбуулж байсансан.

Тэгвэл 2008 оны наймдугаар сарын 14-ний энэ өдөр монголчууд бидний өнө эртний хүсэл биелж олимпийн анхны аварга төрлөө. 2008 оны есдүгээр сарын 14-ны өдөр паралимпийн анхны аварга бас төрлөө. 14-ний өдөр монголчуудад, Монголын тамирчдад ач ивээлээ харамгүй хайрласаар…

Манай ард түмэн олимпийн их наадамд тамирчдаа үдэх бүртээ олимпийн аварга цолтон төрөх болох уу гэж харсаар, итгэл хүлээлгэсээр ирсэн. Ард түмний маань өнө эртний хүсэл 2008 онд биелж олимпийн аваргатай боллоо. Биеийн тамир спортод сэтгэл зүрхээ өгч, бүхий л амьдралаа зориулж ирсэн үе үеийн тамирчид, багш дасгалжуулагч, спортын салбарын мэргэжилтэн, эрдэмтэн мэргэд, ард түмний маань итгэл зүтгэлийн үр дүн. Манай “Аварга” сургуулиас маань баяр наадмын түрүү, тив дэлхийн аварга төрсөн. Олимпийн анхны аварга цолтон төрлөө, маш их баяртай байна. Олимпийн анхны аваргын багшийн хувьд, жүдогийн спортод зүтгэж явсан тамирчны хувьд, биеийн тамир спортынхны төлөөлөл болж УИХ-д сууж байгаа төрийн түшээгийн хувьд бүр илүү баярлаж сэтгэл догдолж баярын нулимс унагаж байсан.

Н.Түвшинбаярын маань дэвжээн дээр биеэ авч явж байгаа байр байдал, сэтгэлийн хөөрлөө тогтоон барьж байгаа зэрэг нь намайг алтан медалиас нь ч дутуугүй баярлуулсан шүү. Олимпийн анхны аварга болох хувь тохиож, анхны олимпийн аваргын алдрыг эх орондоо авчирч ард түмнээ магнайг тэнийтэл баярлууллаа. Монгол үндэсний бөхөөс өвлүүлсэн эрхэм сайхан чанарыг хадгалж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж яваарай. Алдар хүндийг хүлээх явах сайхан ч түүнийг дааж явах бүр ч сайхан байдаг юм гэж шавьдаа захиж хэлсэн дээ.

Таван цагираг: Б.АВИРМЭД
2009 он

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.122.64) 2015 оны 07 сарын 26

Сүхбат ярих хэлэх гэдэг чинь зүгээр баядын хар Баянаа.Бөх хүн шиг хэл амгүй хэд түрүүлж чадахгүй. Наадамчин олон ,зүлэг ногоон дэвжээгээ доромжилсон адгийн шаар.

0  |  0
мэдлэгтэн(61.43.226.139) 2013 оны 09 сарын 11

за шаана биз нохой а.сүхбатыг хавчсан ч гэх шиг тэр жудаггүй жүжигчин нус өдий дайтай бгаа нь их юм за

0  |  0
Top