Нар хур тэгширсэн наадмын гурван өдөр

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 13

Эхний өдөр

Монголчууд бид төрийнхөө баяр наадмын эхний өдөр түүхэн ёсоон уламжилж адуун сүргийнхээ манлай болсон хурдан азаргаа уралдуулдаг жамтай. Энэ их цэнгэлийг эхлүүлж эрхэм Ерөнхийлөгч үгээ хэлж, хурсан олондоо баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж


Эрхэм хүндэт Монгол түмэн, наадамчид аа,
Эрхэмсэг зочид, хатагтай ноёд оо,
Монголын сайхан эх орондоо болон дэлхийн олон газар наадамлаж байгаа нийт иргэд, наадамчин олондоо Монгол наадмын халуун мэндчилгээ өргөж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Дэлхий дэлэгнэсэн энэ зуны наадам сайхан эхэлж байна. Билэг билгийн дээд Монгол наадам маань энэ жил ч олон сайхан ерөөл билгээр дүүрэн байна. Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсний 850 жилийн тэгш их ой өнөө жил тохиож байгаа юм. Монголын ард түмэн өөрсдийн төлөөллөө сонгож УИХ-ын болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шинэ бүрэлдэхүүн ажилдаа орлоо. Мөн зуны ХХХ Олимпын нээлт эхлэхэд цөөн хоног үлдэж байна. Монголоороо гоёсон Монгол наадам маань ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн болоод байна. Монголчууд бид наадмаараа билэгтэй сайхныг хэлэлцэж, түүх, соёл, өв уламжлалаараа бахархаж, гэр бүл, ахан дүүс, хотол олноороо цуглаж магнай тэнийн баяраа хуваалцдаг.

Монгол наадмын хүндэт хоймроос азай буурал ахмадууд, цог хийморлог залуус, алиа бяцхан үрс, ард иргэддээ болон манай наадмыг үзэж сонирхож байгаа нийт зочид гишүүддээ сайхан наадамлахын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье. Түмний цэнгэл их баяр наадамдаа эр бяр, хурд шандас, цэц мэргэнээ сорих нийт иргэддээ аз хийморь, амжилтын дээдийг хүсэн ерөөе. Их түүхт, эрх чөлөөт Монгол түмний цэнгэл баяр, бахархал омогшлын дээд Монгол наадам энэ цаг мөчид ийнхүү эхэлж байгааг Их цагаан сүлд, билэг ерөөл бүхний биелэл оршсон наадмын энэ хүндэт индрээс даяар олноо тунхаглан зарлаж байна.

Сайхан наадаарай. Мөнх хөх тэнгэр минь Эх орон, Монгол түмнийг минь үүрд ивээгтүн.

 

Газар газрын алтан туурайтнууд ганзага сугарам гарч азарга эргэлээ


Долдугаар сарын 11-нд, газар газраас ирсэн 236 азарга улсынхаа наадамд хурдалснаас хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн “Ажнай корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнийн ембүү халзан түрүүлж, босоо цагаан хурдан хүлэг болохоо нотлов. Учир нь өнгөрсөн жилийн наадмын түрүү, бүсийн наадмын айргийг авч эгэлгүй хурдан шандаст хүлэг болохоо харуулж, шагшигдаж байсан ембүү халзан хурд хариагүй болохоо ийнхүү Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаар харууллаа. Аман хүзүүнд Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Ц.Бямбасүрэнгийн хээр, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Тод манлай уяач Г.Батхүүгийн Соёмбо зээрд хурдлав. Г.Батхүүгийн хувьд УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон ч гэлээ хийморьтой байгаагаа ийнхүү харууллаа.

Айргийн дөрөвт, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хул азарга, айргийн тавд Сэлэнгэ аймгийн  уугуул н.Батсүхийн хээр азарга тус тус хурдалж, наадамчин олныг баясгалаа. Ер нь азарганы уралдаанд төрийн түшээдийн хүлгүүд дээгүүр давхилаа хэмээн тодорхойлж болохуйц байв. Учир нь УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн ембүү халзан азарганы түрүүг авсан бол айргийн гуравт УИХ-ын дэд дарга асан Г.Батхүүгийн соёмбо зээрд, наймд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн буурал азарга хурдалсан явдал байлаа.

Түрүү морины эзэн хэний хэн бэ?

Төрийн их наадмын үе үеийн түрүү, айргууд багтсан байдаг их насны морьдын уралдаанд 400 гаруй шандаст хүлэг хурдалснаас Говь-Алтай аймгийн харьяат Манлай уяач, “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийн хүрэн түрүүлж, Хүй долоон худгаас торгон жолоо өргүүллээ. Хол тасархай түрүүлж ирсэн хүрэн энэ агшинд наадамчин олны нүдэнд баярын нулимс хуруулж аргагүй хурднаа батлав.

Хоёр дахь өдөр

Домогт хурдан хүлгүүдийн буян хишиг шингэсэн “Хүй мандалын дэнж”-ийг наадамчин олон цэцэг лугаа бүрхэж,  халхын цэнхэр талд домгийн өглөөн нарнаар...

Соёлтой Монголын наадамчид минь ээ, Соёолонгийн тоосонд хийморио сэргээж


Долдугаар сарын 12-нд, Хийморь далласан соёолон насанд 236 шандаст хүлэг уралдсанаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Х.Түмэнбаярын халтар түрүүлж, унасан хүүхэд, уясан эзэн, хурсан олныг баярлуулсан юм. Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн харьяат, Манлай уяач, "Алтай констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнийн хонгор хурдалсан нь хэн хүнд давхар тохиогоод байхааргүй аз болж буув. Өмнөх өдрийнх нь их насны морьдын уралдаанд түүний хүрэн араасаа нэхэх 10 гаруй хурдан шандаст хүлгийг хол хаян давхиж ирсэн бол энэ өдөр хонгор соёолон нь “Ахынхаа амжилтын араас нэхэж яваа шүү” гэх шиг ийн хурдаллаа.

Тэгвэл айргийн гуравт Архангай аймгийн Чулуут сумын уугуул, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайгийн хүрэн, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Орхон сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Ганболдын хонгор буурал, айргийн тавд Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул О.Мөнхтайваны хээр хурдалж хийморийг өөд нь бадраав.

Даага гэж хөөрхөн амьтан

Даанч гэнэн хонгор адуу...


Хурдан морьдын уралдааныг хязаалангаар эхлүүлж, даагаар өндөрлүүлдэг монгол наадам уламжлалаа хадгалж, зүсрэх бороон дунд 310 гаруй даага хурдаллаа. Ийнхүү газар, газраас наадмын түрүү горилж ирсэн өхөөрдөм хөөрхөн даагануудаас Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач Б.Батдэлгэрийн xээр xалзан түрүүлж, торгон жолоо өргүүлсэн бол аман хүзүүнд Дундговь аймгийн Xулд сумын уяач X.Ганxүүгийн xонгор xалзан хурдалсан юм. Хонгор халзан дааганы уяа сойлгыг Дундговь аймгийн Адаацаг сумын xарьяат Аймгийн алдарт уяач X.Доржxорол тааруулжээ. Айргийн гуравт Увс аймгийн Зүүнговь сумын xарьяат Улсын алдарт уяач Б.Далайн xээр даага, айргийн дөрөвт Манлай уяач Б.Мөнxтөрийн уяа сойлгыг нь тааруулсан xээр даага орсон бол айргийн тавд "Мон-Эрдэнэ" группын ерөнxийлөгч П.Энxмөнxийн xалиун даага хурдлав.

Шинэ арслан төрж, бүх Монголчууд бахдав


Наран хэвийх зуурт наадамчин олныг шуугиулсан барилдаан болов. Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөхөөр Увс аймгийн Давст сумын харьяат "ДЦС-4" ТӨХК-ний бөх  аймгийн арслан П.Бүрэнтөгс  Архангай аймгийн Булган сумын  харьяат Улсын заан Д.Рагчаагаар ес давж түрүүлэн улсын арслан цолны эзэн боллоо. Өнгөрсөн зууны 20-30-аад оны үед л аймгийн цолтой бөх улсад түрүүлж байсан аж. П.Бүрэнтөгс Аймгийн арслан цолноос шууд улсын арслан цолонд хүрч улс даяар алдартай аварга арслангуудыг ээлж дараалан хаясаар ийнхүү Монгол бөхийн дэвжээнээ нэгэн шинэ хуудсыг  нээлээ. Улсын баяр наадамд "Увс нуур" галын бөхчүүд ийнхүү гурав дахиа түрүүлж байгаа юм.


Улсын заан Д.Рагчаагийн хувьд төрийнхөө баяр наадамд 512 бөхөөс найм даван үзүүрлэж улсын гарьд цолны болзлыг хангаж байна. П.Бүрэнтөгс 1988 онд төрсөн луу жилтэй, барилдаад гурван жил болж байгаа. Тэрээр гурвын даваанд улсын аварга О.Балжиннямыг, дөрвийн даваанд Улсын залуу аварга С.Мөнхбатыг, тавын даваанд Улсын заан М.Өсөхбаярыг, зургаагийн даваанд Улсын начин Э.Энхбатыг, долоогийн даваанд Улсын гарьд М.Баяржавхланг, наймын даваанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын арслан Гунаажавын Эрхэмбаярыг давж улсын гарьд цолны болзол хангасан юм.  Монгол түмний бахархал болсон  шинэ үеийн  залуу хүчтэн  П.Бүрэнтөгс олон жилийн дараах ийнхүү түүхэн амжилтыг эвдлээ. 

Гурав дахь өдөр

Унаган хүлгийн эзэн Уяач, ардын наадам


Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам нар хур тэгш сайхан болж “Хүй долоон худаг”-т Уяачдын наадам боллоо. Уяачдын наадмыг 13.00 цагт Монгол Улсын Шадар сайд М.Энхболд нээсэн бөгөөд наадамд зориулсан тусгай хөтөлбөрүүдийн дагуу үйл ажиллагаанууд явагдсан юм. Мөн эрлийз морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаан мөн дунд нас буюу шүдлэн, хязаалан, бага нас буюу даага уралдсан нь наадамчин олныг баясгалаа. 

Эрлийз дээд насны уралдаанд нийт 57 адуу бүртгүүлж,  44 нь гарааны зурхай руу хөдөлсөнөөс Архангай аймгийн Их тамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн хар, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул ГЕГ-ын дэд дарга Б.Цэрэнбалтавын хээр өгөө аваатай явсаар барианы зурхайд Г.Тэмүүлэнгийн Дөлгөөн хар хол тасархай түрүүлж, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Б.Ганбаярын хээр халзан  хурдаллаа. Харин айргийн гуравт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Г.Мөнхсайханы хээр, айргийн  дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул “Зоос” галын уяач Д.Батбаярын бор, айргийн тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул ГЕГ-ын дэд дарга Б.Цэрэнбалтавын хээр тус тус хурдаллаа.

А.Ариунсайханы зээрд  дунд насанд өнгөлж, дааганы түрүүг “УНАГАН ХУРД”-ынхан авлаа


Эрлийз морьдын дунд насны ангилалд тоосоо өргөсөн хурдан үрээнүүд хэдхэн хормын өмнө барианд орлоо. Бүсийн наадмын нэг айргийн эзэн Говь-Алтай аймгийн харьяат Анандын Атарсайханы зээрд түрүүлж, улс бүсийн нэг түрүү хоёр айргийн эзэн Х.Бат-Эрдэнийн сартай хээр аман хүзүүдэн, айргийн гуравт Орхон аймгийн Жаргалант сумын уугуул Ц.Буянбаатарын хул, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Ч.Бүргэдээгийн бор, айргийн тавд Дундговь аймгийн Луус сумын уугуул С.Шинэбаатарын хээр тус тус хурдаллаа.

Дашрамд дуулгахад түрүү магнай болсон зээрд үрээ, айргийн тавд орсон Ш.Шинэбаатарын хээр үрээ хоёр нэг гүүний төлүүд юм. Харин айргийн тавд хурдалсан Ш.Шинэбаатарын хээр үрээний эцэг тал нь Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат МУМУяач С.Гэсэрваанын алдарт хүрэн азрага гэнэ.

Эрлийз насны морьдын уралдааны отгон уралдаан болох хурдан даага дөнгөж сая барианд орлоо. Өхөөрдөм хөөрхөн даагануудын түрүү магнай болж, түмэн олноо баясгасан даага бол МУМУяач Д.Одгэрэлийн уяж сойсон хар бор даага юм.


Ийнхүү Хөх тэнгэрийн дуудлагаар хөх толботой төрсөн өргөн олон Монголчууд минь дэлхийд цуутай, дэнж хотолзуулан сайхан наадлаа. Дараа жилийн наадам даанч хол байна даа.

А.ТЭМҮР

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top