Энэ сарын 15-ны өдөр АН-ын ҮЗХ хуралдаж төр засгийг шуурхай эмхлэн, олон ажлын ард гарах нь зүйтэй гэж үзсэн учраас шаргуу ажиллаж эхэлсэн билээ. Үүний дагуу өнөөдөр ҮЗХ дахин хуралдсан бөгөөд хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ:
Эвслийн Засгийн газрын талаар АН-ын дарга Н.Алтанхуягаас тодруулахад “МАН хамтрах санал огт тавиагүй. Харин бие даагч болон ИЗНН, “Шударга ёс” эвсэл тус тус эвсэх санал тавьсан. Энэ асуудлыг АН-аас шийдвэр гаргасны дагуу ҮЗХ эцсийн шийдийг гаргана” гэлээ. Одоогоор АН санал тавьсан намтай хэлэлцээрийн ширээнд суухаар төлөвлөөд байгаа гэнэ.
Харин ирэх дөрвөн жил Засгийн газрыг АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ-ыг З.Энхболд нар тэргүүлэхээр болсон бөгөөд тэднийг 100 хувийн саналаар намын нөхөд нь дэмжжээ.
ҮЗХ дараагийнхаа хурлаар эвсэж буй нам эвсэлтэй хийх гэрээний эх, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэн болох зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
Дашрамд дурьдахад АН-ын ҮЗХ-ны өчигдрийн хуралдаанаар бүлгийн даргыг сонгожээ. Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэгээр ахлуулдаг байсан АН-ийн бүлэг ирэх дөрвөн жилд генесек асан Д.Эрдэнэбатаар ахлуулах гэнэ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )