АН-ын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайд болох нь баараггүй болоод байна. Түүнийг намынх ҮЗХ-ны хурлаар 100 хувийн саналаар дэмжсан. Харин одоо ганцхан Ерөнхийлөгчтэй зөвшилцөж Ерөнхий сайдыг УИХ-аар томилох л үлдлээ.
Ерөнхий сайдад нэр дэвшигчээ шинэ Засгийн газар ямар байх талаар саналыг нь сонссон юм. Учир нь АН-ын дарга Н.Алтанхуяг өмнө нь НХХЯ-ыг өөрчилж Хөдөлмөрийн яам, Нийгмийн хамгааллын яам байгуулах, ХЗДХЯ-ыг Хууль зүйн яам, Дотоод хэргийн яам гэж салгах талаар мэдэгдэж байсан билээ. Түүнээс энэ талаар тодруулахад “Монгол улсын хувьд иргэдээ ажилтай орлоготой болгох нь нэг номерын асуудал учраас АН сонгуулийн хөтөлбөртөө Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулна гэж тусгасан. Түүнийгээ хэрэгжүүлнэ. ХЗДХЯ-ны хувьд хоёр өөр төрлийн чиг үүрэг нийлчихсэн. Тиймээс Хууль Зүйн яамыг хуулийнх нь чиглэлд түлхүү анхаардаг байхаар байгуулж бодлого барьж ажиллана. Засгийн Газрын үйл ажиллагааг дотор нь харж байхад салгаж, тодорхой чиг үүргээр нь ажиллуулахаар яам энэ мэт бий. Тухайлбал Монгол улсын эдийн засаг урьдынхаас том болсон. Гэтэл Эрдэс баялаг, эрчим хүчний гэсэн хоёр том салбарын асуудлыг хариуцсан нэг яам байх жишээтэй. Үүнээс болж ажил цалгардаж байдаг” гэв. Ямартай ч НХХЯ, ХЗДХЯ, ЭБЭХЯ зэрэг яамдууд хоёр яам болон хуваагдаж ажиллах нь тодорхой болж байна. Мөн Байгаль орчин аялал жуулчлалын яам ч хоёр салж магадгүй байна. Тэгвэл шинэ яамдуудыг Засгийн газрын чиг үүргийг тодорхой болгоход биш бялуугаа жижиглэхэд илүү анхаарч байна гэх яриа төрийн ордонд гараад байна. Тухайлбал, Нийгмийн хамгааллын сайдад С.Эрдэнэ хамгийн том амбици гаргаж байгаа бол Хөдөлмөрийн яам намын бодлогоор гарч ирж байх жишээтэй. Хууль зүйн яамыг Нэг Ардчилал фракцид буюу Х.Тэмүжинд өгөхийн тулд Логийн Цогийг Дотоод хэргийн сайдаар томилох шаардлага урган гарч байгаа гэх. Ийнхүү төрийн толгой улам л данхайж байгаа дүр зураг Ардчилсан намын байгуулах эвслийн засгийн газрын бараанаас ажиглагдаад эхэллээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )