Б.Гарамханд: Цуурхал тарааж иргэдийг хохироосон нөхдүүдэд хариуцлага тооцох ёстой

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 17

Наадмын өмнөхөн Яармагийн дэнжид 2000 гаруй иргэн нэг хоног, хоёр өдөр бужигнасныг та бүхэн санаж байгаа биз ээ. УИХ болон НИТХ-ын сонгуулийн дараа “Яармагийн дэнжид газар олгож байна” гэсэн цуу яриагаар хүүхдээ тэврэн, хөгшин залуугүй бужигнасан билээ. Гэвч тусгай хамгаалалттай бүсээс газар олгох нь хуулиар зохицуулагдах учир цуурхалд итгэсэн иргэд хохироод үлдсэн. Энэхүү цуурхалд олон хүн Яармагийн дэнж дээр хоносон.

Тэднийг нэг болох Хан-Уул дүүргийн иргэн Б.Гарамханд хэлэхдээ “Цуурхалд итгэсэн иргэд хохирлоо. Харин үймээн дэгдээсэн нөхдүүд юу ч болоогүй мэт байж байна. Богдхан уулын хормой, Яармагийн ногоон дэнж хэдэн мянган хүний хөлд талхлагдаж үлдлээ. Ер нь энэ мэдээллийг анх МАН-ын ухуулагчид хар шөнөөр айлын хаалга нүдэн байж тараасан юм билээ. Яармагийнхан биш Ханын материал, Нисэх, Чингэлтэй гээд нийслэлийнхэн тэр чигээрээ цугласан. Худал мэдээлэл тараасан нөхдүүд хэний төлөө, ямар зорилготой ажилласан нь тодорхой байна. МАН-аас зохион байгуулсан ажил шүү дээ. УИХ-ын сонгуульд манай дүүрэгт нэр дэвшсэн Ц.Батбаяр ялагдсандаа шаралхаж, хүмүүсээрээ худал мэдээлэл тараасан байна лээ. Сонгуулийн дүн гарсаны маргааш оройноос эхлээд цуурхал тараалгаж эхэлсэн. Иргэн бүрт 0.07 га газар өмчлүүлэх асуудлыг бүрэн шийднэ гэсэн учраас Ардчилсан намыг сонгосон. Гэтэл сонгогдсон гишүүд ажлаа ч хүлээж аваагүй байхад ингэж цуурхал тарааж, иргэдийг мунхруулсан нөхдүүдэд наад захын соёл гэж алга. Газартай болох гэсэн хүмүүсийн мөрөөдлийг буруугаар ашиглаж үймээн, шуугиан дэгдээсэн нь буруу. Цагдаагийнхан сайн ажилласан тулдаа тэнд байсан хүмүүсийг тарааж чадсан. Түүнээс биш иргэд яахаас ч буцахгүй болчихсон байсан. Худал мэдээлэл тарааж, хүмүүсийг хохироосон нөхдүүдээр иргэдийн хохирлыг барагдуулах ёстой” гэв. Мөн тэрээр Ардчилсан нам олонх болсон учраас амлалтаа биелүүлнэ гэж найдаж байгаа хэлсэн амандаа хүрэхгүй бол иргэдийн нэхэл хатуу гэдгийг өнгөрсөн үйл явдал харууллаа гэсэн юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top