Шинэ засгийн Сайдуудын сураг

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 17

Ардчилсан нам Эвслийн засгийн газар байгуулах тохироогоо нам дотроо болон эвсэлд багтаах улс төрийн хүчин, бие даагчидтай ид хэлэлцэж байна. Бидэнд өнөөдөр өглөө ирсэн мэдээллээр бол эвслийн засгийн газарт МАН-аас бусад парламентад суудалтай намууд, бие даагчид багтахаар болжээ. Хөвсгөлийн Ц.Даваасүрэн, Дорнодын Болорчулуун нарт  дэд сайдын суудал, харин Дарханаас сонгогдсон Ганбаатарт нэг агентлаг амласнаар эвслийн засгийн газарт багтаасан гэх. Гэвч М.Ганбаатар “Хөдөлмөрийн яам, эсвэл нийгмийн хамгааллын сайд дээр очно” гэж гэдийсэн сураг дуулдана. Харин ИЗНН-д хоёр дэд сайдын суудал санал болгосон ч нэг сайдын суудал нэхжээ. ИЗНН-ын дэд дарга С.Дэмбэрэлд холбогдох эрүүгийн хэргийг сэргээсэн явдал нь ИЗНН-ыг засагт оруулах шахааны нэг хэлбэр гэж хардах хүмүүс байна. Парламентад 11 суудалтай МАХН-ын хувьд АН-ын хамгийн том хамтрагч болж байна. Тэдний хувьд Дөрвөн яамыг бүтнээр нь, дээрээс нь тэргүүн шадар сайдын суудлыг АН-аас шаардаж байгаа аж. Харин Ардчилсан нам доторхи фракциудаас хамгийн олон яамыг МоАХ, УИХ-ын дарга, дэд дарга, УИХ-ын тамгын газрын даргын суудлыг З.Энхболдын Шонхор фракци авч байгаа гэх. Тэгэхээр С.Эрдэнэ УИХ-ын дэд дарга, харин тамгын газрын даргаар нэгэн эмэгтэй улс төрч очихоор яригдаж байна. Алтан гадасын хувьд Ерөнхий сайд, хэрэг эрхлэх газар, шадар сайдын суудлаа буюу ноён суудлуудаа “базах” амбицитай байгаа аж. Хэрвээ талууд зөвшилцөлд хүрч чадвал шинэ засгийн газар дараах бүрэлдэхүүнтэй байна.

Ерөнхий сайд – Н.Алтанхуяг, АН /Алтан гадас/

Тэргүүн шадар сайд – Д.Тэрбишдагва, Шударга ёс эвсэл /МАХН/

Шадар сайд – АН /алтан гадас Г.Батхүү яригдаж байгаа гэх/

ЗГХЭГ-ын дарга – Ч.Сайханбилэг, АН /Алтан гадас/

Хуульзүйн сайд – Х.Тэмүжин АН /Нэг ардчилал/

Дотоод хэргийн сайд – Л.Цог, Шударга ёс эвсэл /МАХН/

Сангийн сайд – М.Энхсайхан Шударга ёс эвсэл /МҮАН/, эсвэл Н.Батбаяр АН /МҮДН/

Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд – А.Гансүх, АН /МоАХ/

Үйлдвэр, хүнс хөдөө аж ахуйн сайд – Х.Баттулга, АН /МоАХ/

Хөдөлмөрийн сайд – Ц.Оюунгэрэл, АН /МоАХ/

Гадаад хэргийн сайд – Лу.Болд, АН /МоАХ/

Боловсрол шинжлэх ухааны сайд – Лу.Гантөмөр, АН /Нэг ардчилал/

Аялал жуулчлал, Соёл урлаг, биеийн тамирын сайд – Шударга ёс эвсэл

Нийгмийн хамгааллын сайд – Ц.Баярсайхан, АН /МҮДН/

Байгаль орчны сайд – Г.Баярсайхан АН /Шонхор/

Эрдэс баялгийн сайд – АН

Эрчим хүчний сайд – Шударга ёс эвсэл

Эрүүл мэндийн сайд – АН, эсвэл Н.Удвал Шударга ёс эвсэл /МАХН/

Сайдуудыг томилох, яамдыг хуваах хэлэлцээр ийм түвшинд явагдаж байна. Энэ долоо хоногт багтан шинэ засгийн газар байгуулагдана гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

 

Д.Билгүүн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top