Монгол улс Олон улсын улс төрийн шинжлэх ухааны холбоонд гишүүнээр элсэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 17

Улс төрийн шинжлэх ухааны Дэлхийн XXII их хурал энэ сарын 7–13-ны өдрүүдэд Испанийн нийслэл Мадрид хотноо болж өндөрлөлөө. Дэлхийн 100 гаруй орны 2 мянга орчим төлөөлөгчид оролцсон энэ хуралд Монголын Улс төр Судлаачдын Нэгдсэн Холбооны ерөнхийлөгч, МУИС-ийн профессор Ц.Ганболд урилгаар оролцжээ.

Тэрээр Олон Улсын Улс Төрийн шинжлэх ухааны Холбооны ерөнхийлөгч профессор Леонорда Морлино (Итали), дэд ерөнхийлөгч Дирк Верг Шлоссер (Герман) нартай уулзаж Монголын улс төр судлаачдын нэгдсэн холбоог Олон Улсын Улс төрийн шинжлэх ухааны холбоонд гишүүнээр элсүүлэх талаар хэлэлцээ хийсэн байна. Түүнчлэн тус холбооны 60 жилийн ойд зориулсан тусгай хуралдаанд оролцож, “Монгол дахь ардчиллын чанар” сэдвээр илтгэл тавьж “Улс төрийн шинжлэх ухааны олон улсын тайлбар толь”–ийн нээлтийн арга хэмжээнд оролцжээ.

“Засаглалын хэлбэрүүд ба түүний хил хязгаарын шилжилт” сэдвийн дор зохиогдсон энэ удаагийн хуралдаанаар “Харьцуулсан улс төр”, “Улс төрийн институт”, “Жендер ба бүс нутаг”, “Олон Улсын улс төрийн эдийн засаг”, “Нийтийн захиргаа”, “Улс төрийн үйл байдал”   зэрэг сэдвээр эрдэмтэн судлаачид санал бодлоо солилцсон байна.

МУИС-ийн профессор Ц.Ганболд 2005 онд Олон Улсын Улс төрийн шинжлэх ухааны холбооны жинхэнэ гишүүн болж 2006 онд Японы Фукоако хотод болсон тус холбооны ХХ их хуралд Монгол Улсаас анх удаа төлөөлөгчөөр оролцож байжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top