Д.Тэрбишдагва: Зарим яамдуудыг салгахыг дэмжихгүй байгаа

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 17

Дөнгөж МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Д.Тэрбишдагва, Дэд дарга Н.Батцэрэг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Өнөөдөр МАХН-МҮАН-ын удирдах зөвлөл хуралдаж АН-аас тавьсан хамтарч ажиллах саналыг хүлээж авч хамтран ажиллахдаа бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Д.Тэрбишдагва: Сонгуулийн үр дүнгээр аль нэгэн нам олонх болоогүй учраас өчигдөр АН-хан бидэнд албан ёсоор санал тавьсан. Манай намын Удирдах зөвлөлөөс АН-тай хамтран ажиллах саналыг дэмжсэн шийдвэрт хүрлээ. Үдээс хойш хэлэлцээрийн ширээнд сууна. Өнөөдрөөс эхэлж АН-тай хэлэлцээр хийхээр ажлын хэсэг ажиллаж байна.

-Өчигдөр АН-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ МАХН-ын асуудал бол нэг хүний асуудал биш нэг хүний асуудал яривал бид өөрөөр ярина гэсэн. Ингэж хэлсэн нь Н.Энхбаярын асуудлыг хэлсэн гэж ойлгож болох уу?

-Би Эрдэнэбат даргын ярьсан яриаг Н.Энхбаяр даргын асуудал гэж ойлгоогүй. Тэрээр нэр цохож хэлээгүй учраас хэнийг нь хэлснийг би мэдэхгүй байна.

-Танай бүлэг байгуулагдсанаасаа хойш зохион байгуулалтанд орсон уу?

-Манай бүлэг зохион байгуулалтанд орж, хоёр удаа хуралдсан. Манай бүлгийн саналыг намын удирдах зөвлөл маань дэмжсэн. Мөрийн хөтөлбөртэй холбоотой асуудал бол хоёр намын хамтарч байгаа энэ үед хамгийн чухал асуудлуудын нэг. Бид таван хувьсал хийнэ. Бүтэц зохион байгуулалтын хувьд зарим орон тооны давхардлыг багасгана. Бид тодорхой яамдуудыг байгуулах тал дээр нэг их дэмжихгүй байгаа. Тодорхой хугацаанд зөвшилцлийн ширээнд суугаад ирэхээр яаж шийдэгдэхийг бид хүлээж байна.

-Танай нам боловсон хүчний хувьд хэртэй вэ?

-Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Улаан ажиллаж байгаа. Хэлэлцээрийг аль аль талдаа хүндэтгэлтэй хандаж олон улсын гэрээ хэлэлцээр шиг шударга явуулахыг хүсч байна. Боловсон хүчний нөөцтэй олон жилийн дадлага туршлагатай гэж намаа боддог.

-З.Баянсэлэнгэ нарын төлөөллүүдийн асуудлуудад хариулт өгөх боломжтой юу?

-Энэ тал дээр бид ямар ч мэдээлэлгүй байна. Харин гадуур ийм бор шувуу нисгээд байна. Өнөөдөр л бид энэ тухай мэдээллийн хэрэгслүүдээс олж мэдлээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top