АН залуу лидерүүдээрээ засаг бариулах нь

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 17

Ардчилсан намын ҮЗХ-ны хурал Даваа гарагт болж, намын удирдлагадаа итгэл үзүүлэн, МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэлтэй хамтран засаг барих визийг олонхийн саналаар олгожээ. Тиймээс АН-ынхан яамд, сайд нараа хэрхэн хуваах асуудалдаа ханцуй шамлан ороод байна. АН-ын доторх фракцуудад яамдыг хуваарилсныг харахад залуу лидерүүддээ ихээхэн итгэл хүлээлгэж байгаа нь тодорхой харагдаж байна. Тухайлбал, Хуульзүйн сайдад Х.Тэмүүжин гишүүний нэр яригдаж байгаа бол Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Гантөмөр гишүүнийг томилохоор яригдаж байгаа юм байна. Түүнчлэн Г.Баярсайхан гишүүнийг Байгаль орчны сайдаар, Ч.Сайханбилэгийг ЗГХЭГ-ын дарга сайдаар, А.Гансүхийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар томилох сураг гарч байна. Х.Тэмүүжингийн хувьд хуульзүйн салбарыг муугүй аваад явчих мэдлэг боловсролтой гэдгээ өмнөх дөрвөн жилд харуулчихсан.

Харин А.Гансүхийн хувьд өнгөрсөн дөрвөн жилд Зам тээвэр барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан, салбарынхаа ажил хэргийг сайн мэддэг болсон хүн. Г.Баярсайхан гишүүний тухайд угийн имиж нь байгаль орчны асуудалд анхаарал хандуулах байсан. Тиймдээ ч энэ салбарт шинэдээд хөнгөдөөд байхааргүй талтай юм. Харин Ч.Сайханбилэгийн тухайд нялхаараа парламентын тогоонд чанагдаж, ажил хэрэг хөтлөх дэглэх арвин туршлага хуримтлуулсан хүн. Л.Гантөмөр гишүүний хувьд тасралтгүй гурван удаа нэг тойргоос УИХ-д сонгогдож байгаа залуу боловч туршлагатай парламентч. Тэрээр төдийгөөс өдий хүртэл боловсролын салбарыг шинэчлэх, ардын хүүхдэд чанартай боловсрол олгоход төр засаг анхааралдаа гойд авах ёстой гэдгийг хэлсээр, ярьсаар ирсэн. Тэр ч утгаараа эрхэм гишүүн энэ салбарт томилогдвол нүдээ олсон сонголт болох нь дамжиггүй юм. Засаг хэрхэн эмхлэгдэхийг харахад хэдхэн хоног үлдлээ.

Э.Болор

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top