Өмгөөлөгч С.Нарангэрэл: Н.Энхбаярын хэрэг дан ганц хувь хүний хэрэг биш

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 18

Энэ жилийн хамгийн сүр дуулиантай хүнээр тодроод байгаа Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шүүх хурал хэд хэдэн удаа хойшилсны эцэст өнөөдөр 10.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүх хуралдааны танхимд эхэлсэн юм.

Шүүх хуралд оролцох ёстой яллагдагч нар болон бусад холбогдох хүмүүс бүгд хүрэлцэн ирсэн байлаа. Ганцхан Н.Энхбаярын өмгөөлөгч нь хүндэтгэх шалтгаантай учраас хүрэлцэн ирээгүй юм. Гэвч иргэн Н.Энхбаяр өнөөдрөөс эхлэн Гавьяат хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэлээр өмгөөллүүлэхээр болсон тухайгаа шүүх бүрэлдэхүүнд албан бичгээр болон биеэр танилцуулав. Шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ ахлан явуулсан бөгөөд иргэн Н.Энхбаярын  өмгөөлөгч Нарангэрэлийн үгийг сонссон юм.

Өмгөөлөгч С.Нарангэрэл “Н.Энхбаяр надад өмгөөлөгчөөр ажиллаж өгөөч ээ гэсэн хүсэлтийг тавьсан. Миний хувьд одоогоор ээлжийн амралтаа авчихсан байгаа учраас цаг хугацааны боломжтой үе юм. Олон улсын конвенцид шүүгдэгч хүн дадлага туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай өмгөөлөгчийг шүүх хуралдаан эхлэх явцад сонгож авсан байх шаардлагатай гэж заасан байдаг.

Тэр эрхийнхээ дагуу иргэн Н.Энхбаяр надад хандсан. Яагаад гэхлээр энэ хэрэг бол нэг талаараа ихээхэн улстөржсөн. Би шүүх хуралд өмгөөлөгчөөр орох эрхээ хангахын тулд прокурорын яллах дүгнэлтийг энэ наадмын өдрүүдэд сайтар уншиж танилцлаа. Тийм учраас би шүүх бүрэлдэхүүнд ямар хүсэлт тавих вэ гэхлээр

Нэгдүгээрт: 50 шахам хавтаст энэ хэргийг одоо тал бүрээс нь сайтар нягтлан танилцах боломж олгооч ээ.

Хоёрдугаарт: Би энэ олон хавтаст материалтай танилцаж, холбогдох бүх бичиг баримтуудыг олж эрхзүйн дүгнэлтүүдийг гаргана.

Гуравдугаарт: Шүүх хуралд бэлтгэж ямар гэрчийг, ямар хохирогчийг шүүх хуралд биечлэн оролцуулах вэ? Шүүх хурлыг бэлдэхтэй холбоотой асуудлуудыг шийдүүлэх ёстой. Яагаад гэхлээр яллагч тал бол төрийн бүх хүчирхийллийг, арга хэрэгслүүдийг бүгдийг нь хэрэглэчихсэн. Айдас хүйдэс дуулиан шуугиан бий болгочихсон. Энэ тохиолдолд хүний эрхийг хамгаалахад өмгөөлөгчийн ур чадвар, эр зориг, тэсвэр тэвчээр мэргэжлийн өндөр дадлага, чадвараас шалтгаалж шүүх шударгаар дүнгээ гаргах нөхцлийг нь хангана. Хүний эрхийг хангана. Тиймээс би одоо шүүх бүрэлдэхүүнд хандаж шүүх хурлыг түр хойшлуулахыг хүсэж байна” гэв.

Ингээд шүүх хурал хэсэг завсарласны эцэст шүүх хурал эргэн хуралдаж иргэн Н.Энхбаяр нарыг шүүх хурлыг 14 хоногийн хугацаатайгаар хойшлуулав. Шүүх  хурлын үеэр өмгөөлөгч С.Нарангэрэлээс цөөн асуултанд хариулт авлаа.

-Энэ хэргийг яагаад өмгөөлөх болов? Энэ хэрэг шийдэгдсэнээр ямар үр дүнд хүрэх бол?

- Иргэн Н.Энхбаярын тавьсан хүсэлтийн дагуу энэ хэргийг өмгөөлөх гээд явж байна. Ингээд хавтаст хэргүүдийг уншаад, нотлох баримтуудтай танилцаад шинээр нотлох баримтуудыг гаргаж тавих нь олон нийтэд тодорхой болж байна. Харин би одоо та бүхэнд хандаж хэлэхэд энэ шүүх хурлыг шүүхэд зориулсан тусдаа томоохон танхимд хэвлэл мэдээллийнхнийг байлцуулж, энэ хэргийг Монголын олон түмэнд одоо шууд дамжуулж өгөөч ээ. Яагаад гэхлээр энэ хэрэг бол дан ганц хувь хүний хэрэг биш, цаашлаад Монгол улс хүний эрхийг хэр зэрэг дээдэлж хангадаг вэ. Монгол улсын хууль сахиулах байгууллагууд хэр зэрэг шударга мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллаж байна вэ. Цаашдаа Монгол улс ялангуяа шинэ парламент хууль тогтоомжоо хэрхэн боловсронгуй болгох вэ гэсэн маш олон асуудлуудыг бид одоо шийдвэрлэнэ гэдгийг энд хэлмээр байна.

-14 хоногийн хугацаанд хавтаст хэрэгтэй бүрмөсөн танилцаж амжих уу. Энэ хангалттай хугацаа юу?

-Биш. Би бол доод хугацаагаа л хэлж байгаа шүү дээ. Тэгээд шүүх одоо яаж шийдэхийг мэдэхгүй.

-Хуулиндаа бол өмгөөлөгч хэргийн материалтай хэдий хугацаанд танилцах ёстой байдаг юм бэ?

-Энэ нь 50 шахам хавтас хэрэгтэй. Хэргийн ээдрээ их төвөгтэй байна. Мөн нотлох баримтуудыг ялангуяа гадаадаас авч ирсэн. Харийн орноос нотлох баримтыг авч ирсэн тохиолдолд тэрний учир зүйг хууль ёсны байна уу үгүй юу гэдгийн учрыг олоход бас их хугацаа шаардана. Яагаад гэвэл энэ хэрэг дээр Японы иргэнээс шууд АТГ-ынхан хандаад олон улсынхаа гэрээ журмаа зөрчиж байгаад хүртэл авчихсан нотлох баримтууд байж байгаа. Тэгэхлээр үүний учрыг олохын тулд холбогдох яамны газар хэлтэс, манай улсад суугаа элчин сайдын яамдын туслалцаа дэмжлэгийг авах ч болно. Ийм асуудлууд үүснэ дээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top