З.Баянсэлэнгэ: Тэр бичлэг дээр гарч байгаа хүн би биш

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 18

Шинэхэн гишүүн З.Баянсэлэнгийн талаар гадуур элдвийн л дам яриа гарах юм. Хамгийн сүүлд л гэхэд түүнийг прокурор зодсон хэргээр шалгаж эхэлсэн гэх. Өчигдрөөс эхлээд цагаан ордноор эрхийг нь түдгэлзүүлэх гэж байгаа. Ял онооно гэсэн бор шувуу нисч эхэлсэн юм. Харин өнөөдөр намын даргынхаа шүүх хуралд хүрэлцэн ирэхэд нь түүнээс зарим асуултанд хариулт авсан юм.

-Өчигдрөөс эхлэн таныг прокурор зодсон хэргээр яллах гэж байна гэсэн яриа гадуур гарсан энэ тухай?

-Харин тийм энэ асуудал эртний хэрэг. Би ямар ч хүн зодоогүй гэмтээгээгүй. Гэхдээ энэ хэргийг мөрдөн байцаагч шалгаж байгаа. Би асуусан. Хэрэг юу болж байнаа гэж гэтэл шалгаж л байгаа гэсэн. Өчигдрөөс эхлэн тийм яриа гараад байгаа. Хэн нэгэн захиалгаар ор үндэслэлгүй юм бичүүлсэн юм шиг байна.

-Мөн жагсаал цуглаан зохион байгуулж олон нийтийг турхирсан гэсэн үндэслэлээр шалгасан?

-Энэ хэрэгт оролцож байгаа хүмүүс бидний ард сууж байгаа яллагдагчаар татагдсан хүмүүс өнөөдөр МАХН-ын гишүүд байхгүй юу. Дээрээс нь энэ тухай Удвал, Цог нарыг шалгасан буруутай гэдэг нь тогтоогдоогүй. Одоо эд нараас бол гарцаагүй гэж ярьж байгаа байхгүй юу. Энэ чинь юу гэсэн үг вэ гэхлээр намын харьяаллаар хүнийг ялгаварлан гадуурхаж хэрэгт тохох гэсэн оролдлого. Улсын яллагч шүүх хурал дээрээ өөрөө байр сууриа илэрхийлсэн. Шүүгч харин маш зөв шийдвэрийг гаргасан. Энэ бол хэтэрхий нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан байна гэж мөрдөн байцаалтанд буцаасан. Мөрдөн байцаагчтайгаа би саяхан сонгуулийн өмнөхөн тааралдсан. Хэрэг ямар шатанд, хаана явж байгааг мэдэхгүй байна гэсэн. Тэгэхлээр хэрэг нь хаана байгааг мэдэхгүй байхад хаанаас ингэж гэм буруутай эсэх нь хуулиар тогтоогдоогүй байхад өмнөөс нь ял өгдөг хууль бус ийм муухай юм манайд тогтчихлоо шүү дээ.

-Хэрэг мөрдөн байцаалтанд буцсан ч гэсэн хэрэг хэрэгсэхгүй болоогүй гэсэн үг. Тэгэхлээр Нийслэлийн прокурор н.Хашбаатар эсэргүүцэл бичсэнийг нь хүлээж авалгүй эргээд анхан шатны шүүх рүүгээ буцаасан юм биш үү?

-Эсэргүүцлийг хүлээж аваагүй нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан гэсэн хариу надад өгсөн. Тэгэхлээр мөрдөн байцаалтанд буцнаа гэдэг нь заавал өнөөдөр гэм буруутай эсэхийг тогтооход хангалттай нотлох баримт байхгүй байна гэдэг үндэслэлээр буцаагдаж байгаа байхгүй юу. Тэгэхлээр зэрэг энэ хүн гэм буруутай гэдэг нь тогтоогдоогүй. Прокурор гэм буруугүй гэхлээр яллагч нь гэм буруутай гээд дайраад байдаг. Тэгэхлээр аль нэг талыг заавал эцэслэн шийдүүлэхийн тулд нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн. Мөн дээрээс нь гэрч байхгүй байгаа шүү дээ.

-Тухайн үед прокурорын газрын гадаа очоод жагсаал цуглаан хийсэн нь хуульд хэр нийцсэн байсан юм бол?

-Аливаа нэг иргэн хувь хүн ах дүү амраг саднаараа нийлээд аль нэг албан тушаалтан байгууллагад өргөдөл гомдол гаргах хүсэлт өгдөг. Тийм үү. Тэр үед бөөнөөрөө яах гээд явж байсан бэ гэж загнадаг уу. Яг түүнтэй нэгэн адил бид нар явж очсон. Өнөөдөр хуулийн байгууллага ерөөсөө хэн нэгэн албан тушаалтан эсвэл аль нэгэн албан байгууллага, улс төрийн намуудын хууль бус шийдвэрийг хэрэгжүүлэх хэрэгсэл болсон юм биш үү гэсэн үүднээс бид гомдол хүсэлт гаргаж очсон. Тэр үүднээсээ өнөөдөр эрүүгийн хэрэгт татагдаж яллагдагч болно гэвэл энэ нь их өрөөсгөл ойлголт. Хэрвээ чиний ч юмуу хэн нэгний хүүхэд асуудалтай байгаад хэрэв чи түүний араас хөөцөлдсөнийхөө төлөө эрүүгийн хариуцлага хүлээдэг жишиг тогтох юм бол өнөөдөр энэ хуулийн байгууллага хаана ажиллаад байгаа гэдэг нь бүр тодорхой болж эхэлж байна тийм үү. Энэ үүднээсээ парламент ч гэсэн адилхан. Олонх нь цөөнхийнхөө эрх ашгийг хүндэтгэнэ. Гэтэл өнөөдөр ард түмний дуу хоолой болж байгаа ард түмний хүүхдүүдийг ингэж болохгүй.

-Тэр прокурор зодсон бичлэг дээр та их тод танигдаж байсан?

-Үгүй. Тийм юм болоогүй. Тэр бичлэг бол шал худлаа бичлэг шүү дээ. Хүнийг тэгж үндэслэлгүй гүтгэж болохгүй. Энэ бол зохион байгуулалттай бид бүхнийг ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг. Тэр бичлэг дээр гарч байгаа хүн би биш. Одоо очоод тэр бичлэгийг шууд “youtube”-д тавина тэгэхлээр үнэн худлыг нь үзээрэй.

А.ТЭМҮР

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top