Нэгдсэн Үндэстний төрөлжсөн байгууллага Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талиб Рифай Монгол Улсад энэ сарын 20-24-нд албан ёсны айлчлал хийнэ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх ХБНГУ-ын Берлин хотноо болсон “Ай Ти Би-2011” олон улсын үзэсгэлэнд Монгол Улс “Соёлын түнш” орноор оролцох үеэр Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад айлчлахыг урьжээ.
Тус айлчлалын хүрээнд ноён Талиб Рифай Монгол Улсын төр засгийн тэргүүнтэй уулзаж, Монгол орны аялал жуулчлалын хөгжлийн асуудал, цаашид Дэлхийн аялал жуулчлалын байгууллага Монгол Улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоос гадна аялал жуулчлалын салбарын нийгэм эдийн засгийн хөгжилд оруулж буй ач холбогдлын талаар дурдсан “Нээлттэй захидал”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулах юм. Мөн энэ үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын нэр хүндтэй шинжээчид Монголын аялал жуулчлалын маркетингийн талаар семинар зохион байгуулах аж.
ДАЖБ нь улс орнуудын аялал жуулчлалын бодлого, практик туршлагыг солилцох нөхцөл бүрдүүлэх, холбох үүрэг бүхий салбарын тэргүүлэгч байгууллага юм. Долоон тивийн 154 орон уг байгууллагын жинхэнэ гишүүн бөгөөд Монгол Улс 1994 онд элсэн оржээ. Үүнээс хойш 2008 он хүртэл гишүүний татварын өртэй явж ирсэн. Аялал жуулчлалын салбар Байгаль орчны яаманд шилжсэнээс хойш буюу 2008 оноос тус байгууллагын гишүүний татварыг төлөх асуудлыг эрчимтэй хөөцөлдсөнөөр 2011 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад төлөх гишүүний татварын өртэй холбоотой судалгаа, тооцоог гаргаж, нийт 459,4 сая төгрөгийн татвар төлж барагдуулжээ. Ингэснээр Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад гишүүнчлэлийн татварын өргүй болсон ба тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болжээ. Бүрэн эрхт гишүүний хувьд олон улсын болон бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын эзлэх байр суурь дээшилж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, аялал жуулчлалын гадаад харилцааг эрчимтэй хөгжүүлэх боломжоор хангагддаг гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )