Шинэ Засгийн газрыг бүрэлдүүлэх гол ажлыг нуруун дээрээ үүрээд байгаа АН-ынхан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон ИЗНН-тай шинэ засаг байгуулах хэлэлцээрийг дөрөв хоног хийсний эцэст дөнгөж сая тус ажлын хэсгийнхэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хуулийнхаа дагуу бид бусад намуудад хамтарч ажиллах санал тавьсан. Намууд хүлээн авч бид бүхэн хэд хоног зөвшилцсөний эцэст нэг шийдвэрт хүрлээ гэв. Тэд нийлээд АН-ын "Монгол хүн" хөтөлбөрийг үндэс болгон бусад хоёр намынхаа мөрийн хөтөлбөрүүдээс чиглэл авч цаашид хамтарч ажиллана гэдэг тунхаглалыг баталжээ.
Энэхүү хамтарсан мэдэгдлийг АН-ын ажлын хэсгийн ахлагч Х.Баттулга, Ч.Сайханбилэг болон МАХН-МҮАН-ын ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан, намын бүлгийн дарга Д.Тэрбишдагва, ИЗНН-ын дэд дарга С.Дэмбэрэл, нарийн бичгийн дарга Г.Ганхүү нар хийсэн юм.
-Сайдуудын асуудал дээр тохироо хийсэн үү?
-Х.Баттулга: Бид бүхэн энэ тунхаглалаа зарласны дараа дахин хамтран ажиллах гэрээндээ гарын үсэг зурна. Маргааш УИХ-ыг зарлан хуралдуулж, үүний дараа хуулийн дагуу Засгийн газраа бүрдүүлнэ.
-Засгийн Газарт намуудын харьцаа хэд байх вэ?
-Ч.Сайханбилэг: Засгийн Газар 75:25 харьцаатайгаар байгуулагдана. Хамтран ажиллах гэрээний төслөө ярьж байна. Үүний дараа Засгийн Газрын бүтэц бүрэлдэхүүнээ тодорхойлно. Засгийн Газрын бүрэлдэхүүнд ИЗНН-ынхан орж ажиллана гэж бид тохиролцсон байгаа.
-Тогтвортой ажиллах гол механизмыг юу гэж тодорхойлж байгаа вэ?
-Ч.Улаан: Бид бүхэн бүрэн эрхийнхээ хугацаанд хийх үйл ажиллагааныхаа үндсэн зарчмыг барьж ажиллана. Дээр нь хамтарч засаг барих намуудынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана. УИХ дээр шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдана.
-Орон нутгийн сонгуульд хамтарч орно гэж ойлгож болох уу?
-Хамтарсан Засгийн Газар бүрэн эрхийнхээ хугацаанд хүн шиг ажиллана гэсэн зорилтыг тавьсан. Бид хийсэн гэрээнийхээ дагуу тодорхой заалтуудыг тусгаж байна. Орон нутгийн сонгуульд хамтарч ажиллана.
-Сөрөг хүчний харилцаа ямар байх вэ?
-Д.Тэрбишдагва: Бусад нам эвслүүдээс бид мөрийн хөтөлбөрт тусгагдсан зарим зүйлээс ажил хэрэг болгон хэрэгжүүлэх болно. Мэдээж цөөнхөө хүндэтгэнэ.
Ийнхүү энэ дөрвөн жилд гурван нам хамтран засаг барихаар хэлэлцээгээр тогтжээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )