“Авлигын динозавр” хаана байгаа бол...

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 20

Хэд хоногийн өмнө АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтон манай оронд хальт зочлохдоо Ерөнхийлөгчтэй уулзан “Та нар авлигын динозавраа эхэлж устгачихаад “америк” динозавраа эх орондоо авчраарай” хэмээн ерөөл ч юм шиг, сануулга ч юм шиг хоржоонтой бөгөөд үнэн өгүүлбэрийг хэлчихээд яваад өгсөн. Тэгэхээр манай авлигын рейтинг олон улсад динозаврын дайтай ойлгогддог болсон бололтой.

 Манайхан хэзээнээс өөрсдийн үгийг тоодоггүй, Хүний үгэнд нугасгүй юм болохоор амтай болгон үүний талаар ярьж, авлигын динозаврыг авлах аянд мордоход бэлэн байгаа. Тэгээд ч зартай алдартай Клинтон авхай байтугай, захын нэг муу тэнэмэл Джоны өмнө хөл алддаг хүмүүс хойно.

Бид динозаврыг учиргүй том аварга биетнээр төсөөлдөг. Гэвч түүхэн зургууд болон алдарт Холливудын кинонуудаас харж байхад том жижиг, нисдэг нисдэггүй түмэн янз байсан юм билээ уг нь. Хатагтай Клинтоны энэхүү өгүүлбэрээс улбаалан авлигын динозавр хаана оршиж болох талаар олон янзын таамаглал үүсээд байна. Зарим нь бүр амарчлаад, муу л бол захын хар овоохой гэгчээр гэдэг шиг нөгөө экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шууд энэ гээд заачих маягтай. 

Гэхдээ энэхүү динозавр бол тодорхой нэг хувь хүн бус бүхэл бүтэн сүлжээ систем болтлоо манайд өсөж томорсон гэхэд хилсдэхээргүй. Одоо харин түүнийг хэрхэн намнах вэ?

Сүүлийн саруудад АТГ болон ардчилсан Ерөнхийлөгчийн зүгээс хийж буй зарим зөв зүйтэй үйлдлүүд авлига авдаг бус өгдөг хүмүүс болох ард түмний олонх массд их таалагдаж байгаа. Төрийн албаны аль ч шатанд авлигагүй бол ажил бүтээнэ гэж саналтгүй болсон, албан тушаалын ач холбогдлоос шалтгаалж их бага нь юу юм гэхээс. Энэ талаар олон жил хий дэмий ярьж, үглэж дуулж байгаа боловч олигтой арга хэмжээ авч алга болгож чадаагүйгээр үл барам бүр цэцэглүүлж хөгжүүлсэн гэхэд буруудахааргүй.

Одоо л харин авлигагүй Монголыг бий болгох зорилготой гарч ирсэн Ардчилсан нам+”Шударга ёс” эвслийн хамтарсан Засгийн газар болон шинээр сонгогдсон эрхэм түшээдэд ард түмэн асар өндөр хариуцлага үүрүүлж байна. Авлигын динозаврыг устгах, бүр байг гэхэд муужруулах талаар шийдвэрлэх дорвитой ажиллагааг зохион байгуулахгүй бол ард түмний горьдлого талаар болж, Ардчилсан хүчин ахин улс төрийн тавцанд гарч ирэх шаансгүй ч болж мэдэхээр цаг үе тулж ирээд байна. Юуны түрүүнд авлигачдыг илрүүлдэг, баривчилдаг хүчний байгууллагуудын шийдвэрлэх албан тушаалтнуудыг зөв, шударга хүмүүсээр бүрдүүлж, алба амины амбицтай, хувь хувьсгалын ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүдийг нэн даруй чөлөөлөх нь зүйтэй болов уу. Хамгийн гол нь хууль тогтоодог, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг газрууд нам эвсэл үл харгалзан, иргэн бүрд адил тэгш хандан шударга ажиллах ёстой!

  Авлигын Динозавраас салцгаая, Монголчууд аа! 

Д.Мягмарсүрэн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top