МАН-ын залуу гишүүд “ШИНЭ ҮЕ-ШИНЭ БОДЛОГО” залуучуудын бүлгэм байгуулж, намдаа шаардлага хүргүүлэх гэж байгаа тухай өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарласан юм.
Уг залуу гишүүдийн бүлгэм одоогоор 30 гаруй гишүүнтэй бөгөөд Нийгмийн Ардчилал монголын залуучуудын холбоо, оюутны холбоо болон салбар зөвлөлд хамаардаг, жирийн намын гишүүн залуучууд байгаа ажээ. Ингээд МАН-ын удирдлагууддаа дөрвөн зүйл бүхий шаардах бичиг хүргүүлж байгаа гэлээ.
МАН-ын “ШИНЭ ҮЕ-ШИНЭ БОДЛОГО” залуучуудын бүлгэмийн зохицуулагч Ш.Батсайхан: Дөрвөн зүйл бүхий шаардлага хүргүүлж байна
-МАН-ын залуу гишүүд ямар шалтгааны улмаас бүлгэм байгуулж, шаардах бичиг хүргүүлэх болов?
-МАН-ын залуу гишүүд “ШИНЭ ҮЕ-ШИНЭ БОДЛОГО” гэсэн залуучуудын бүлгэм байгууллаа. Бүлгэм байгуулж анхны хурлаа зарлаж байна. Хэвлэл мэдээллийнхэн та бүхэнтэй хамтарч энэ хурлыг зарлан, шаардлага хүргүүлж байна. МАН-ын удирдлагууддаа дөрвөн зүйл бүхий шаардлага хүргүүлэх боллоо. Өөрөөр хэлбэл МАН 2012 оны УИХ болон НИТХ-ын сонгуульд ялагдсантай холбогдуулж ямар нөхцөл байдлын улмаас, ямар асуудлаас болж ялагдав гэсэн нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт нь намын 27-р их хурал болох гэж байгаатай холбогдуулан намын суурь бодлогуудыг шинэчлэх ёстой. Залуучуудын дуу хоолойг хүргэх асуудлыг тавих шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл залуучуудтай ажиллах арга барилаа шинэчлэх хэрэгтэй. Гуравдугаарт МАН гишүүдээсээ холдсон нь ажиглагдаж байгаа. Тэгэхээр гишүүдээ сонсох аяныг зарлах нэгэн зүйл шаардлага байна.
Бид хэн нэгэнд шаардлага хүргэж хариуцлага тооцно гэхээс илүүтэй ямар үндэслэл, ямар шалтгаанаар нам ялагдал хүлээх болов. Мөн дараагийн сонгуульд хэрхэн оролцох вэ гэдэг асуудлыг илүү тодорхой болгож яримаар байна. Намын шинэчлэлтэй холбоотой асуудал яригдаж байна. Намын дэргэд шинэ залуу жигүүрүүд байгуулагдахаар өчигдөр хурлаа хийсэн. Бид жигүүрийн залуучуудтай уулзах болно. Залуучуудтайгаа хамтарч өөрийн байр сууриа илэрхийлж хамтарч ажиллана.
-Танай бүлгэм жигүүрээс тусдаа юм байна. Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос байгуулаад байгаа гэж ойлгох уу? Эсвэл жирийн гишүүд дэмжигчид байгуулж байгаа гэж ойлгох уу?
-Ямар ч хамааралгүй жирийн гишүүд дэмжигчид, анхан шатанд ажилладаг залуучууд байгаа. Миний хувьд Монгол ардчилсан социалист оюутан залуучуудын холбоо гэж байхад ЕНБД-аар ажилладаг байсан.
-Бүлгэм хэдэн гишүүнтэй вэ?
-Одоогоор 30 гаруй гишүүнтэй бөгөөд Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбоо, оюутны холбоо болон салбар зөвлөлд хамаардаг, жирийн намын гишүүн залуучууд болон үүрийн гишүүд байгаа.
-Өнөөдөр шаардлагаа өгөх юм байна. Шаардлагаа хэнд биечлэн өгөх бодолтой байна вэ?
-Намын нарийн бичгийн дарга нарт л хүргэж өгнө дөө.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )