Горьдлого

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 21

МАН-ынхны мөөм хавдчихаж

УИХ-ын анхдугаар чуулган хуралддагийн даваан дээр МАН-ынхан орж ирэхгүй тунирхсан. Хүчтэй сөрөг хүчин байна гэдэг нь тодорхой болчихсон МАН-ынхан уул нь УИХ-ын анхдугаар чуулганыг гацаах шалтаг ч, шалтгаан ч баймааргүй. Гэтэл МАН-ынхан тэрхүү өдрийг хүртэл өөрсдийг нь Засагт урина, зөвшилцөнө гэж бодсон бололтой. Тоох ч үгүй зөвшилцөх тухай ярьж байгаад спикер ч уурлаад гарч яваа харагдсан.

УИХ-ын сонгуулийн дараагаас л АН-ынхан дээр дооргүй МАХН, МҮАН-ын шударга ёс эвсэлтэй нэгдэж засгаа байгуулахаар ярьсаар байсан. Гэсэн хэдий ч УИХ-ын анхдугаар чуулганаар хуралдаа ч суухгүй хэмжээнд тунирхан гомдсоныг нь харахад МАН-ынхны мөөм ч томоос томоор хавдаж, хагалгаа хийлгэх хэмжээнд хүрсэн бололтойдог шүү.

МАН-ын сталинч тактик

МАН-тай хамтарсан Засгийн газарт 3.4 жил ажилласны хувьд АН хийдгээ хийсэн, цагаа олж гарсан, түүхэн шийдвэр байсан гэдгээ зарласан. Энэ нь магадгүй тэднийг дахин хамтрах аргагүй, хамтарвал шантаажинд орно гэдгийг нь илэрхийлсэн ч үг биз ээ. Тиймдээ ч энэ сонгуулийн дараагаас л АН-ынхан МАН-тай хамтарвал МАНАН болно, МАХН, МҮАН-тай хамтрах ёстой, мөрийн хөтөлбөр нь ч нийцтэй, угшил нэг хүмүүстэй гэж ярьсаар байсан юм.

Тэгвэл тэднийг ийнхүү нүүр буруулж байгааг МАН-ынхан ёстой тэвчиж дийлээгүй бололтой. Сөрөг хүчин болно, болох болохдоо хүчтэй сөрөг хүчин болно гэж ярьж байсан хэрнээ МАН нөхдүүд энэ үүргээ гацаахын нэр гэж бодсон уу ямартай ч “Манайхтай зөвшилцөх ёстой” гээд анхдугаар чуулгандаа суусангүй. Ёстой нөгөө дэлхийн хоёрдугаар дайны үед Сталин Гитлерийн дайралтыг жилийн өмнө мэдэж байсан хэрнээ “Мэдкү байсан” гэж гүрийсээр байгаад хэдэн рот цэргээ буудуулсан гэдэг шиг. МАН-ынхан тактик хүртэл Сталинч байх юм гэж хэн мэдэх билээ. Шударга бус шантааж л хийх гээгүй бол нэгэнт болох ёстой юмыг цаг хугацаанд нь хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй баймаар юм даа.

 М.Галт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top