УИХ-ын Анхдугаар чуулганыг гацаасан МАН-ынхан маргааш Бага хурлаа хуралдуулахаар болжээ. МАН-ын бага хурлаар шийдэх асуудал ойлгомжтой. Энэ нь намын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг шинээр томилно. Энэ удаагийн бага хурлаар МАН намын даргаа нэр дэвшүүлэлгүй шууд томилохоор болжээ.
Ингэхдээ намын даргад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өрсөлдөгчгүйгээр нэр дэвшин шууд намын даргаар томилогдоно гэж үзэж байна. Харин ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудал нэлээд ширүүхэн тулаан өрнүүлэх бололтой. Одоогийн байдлаар намын Удирдах зөвлөлийн төвшинд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хоёрыг хоёуланг нь нэр дэвшүүлэхээр нам дээрээ ярьж байгаа гэнэ.
Мөн УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар заалнаас нэр дэвших магадлалтай байгаа дуулдана. Мөн МАН-ын дарга асан С.Батболдын хувьд өөрийгөө хариуцлага хүлээх ёстой гэж үзээд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг намын даргаар томилох нь хамгийн зохистой. Тиймээс заавал намын Их хурлыг хуралдуулж, намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй. Бага хурлаар шийдэх бүрэн боломжтой хэмээжээ. Тиймээс маргааш болох Бага хурлаар МАН-ын даргаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өрсөлдөгчгүй залрах нь ийнхүү тодорхой болоод байна.
Өнөөдөр үдээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан юм. Бүлгийн хуралдаанаар чуулганы хуралдаанд орох эсэхээ шийднэ гэж байсан. Харин бүлгийн дарга Н.Энхболд “Бид ярилцаж байна. Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Ийнхүү тэд нэгдсэн шийдэлд хүрээгүй учраас бүлгийн хурлаа үдээс хойш дахин хуралдуулахаар болжээ. Харин АН-ынхан яадаг ч байсан 15.00 цагаас чуулганыг хуралдуулна гэдгээ мэдэгдсэн.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )