МАН-ын ахмад гишүүд анхны “жигүүр”-ээ дэмжинэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 23

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт МАН-ын залуу гишүүд хэвлэлийн бага хурал зарлан шинэ бүлгэм байгуулж, намдаа шаардлага хүргүүлж байгаа тухай мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр 12 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд тус намын ахмад гишүүд хэвлэлийн бага хурал зарласан юм.  

Намын ахмад гишүүд залуу гишүүдийн мэдээллийг дэмжиж энэ үйл ажиллагааг явуулахаар шийдсэн аж. “Шинэ үе-Шинэ бодлого” нэртэй залуу гишүүдийн жигүүр байгуулагдаж, сонгуульд яагаад ялагдсанаа дүгнэж, намынхаа гишүүдийн дуу хоолойг сонсдог, залуу гишүүдээ дэмждэг байх тухай шаардах бичиг хүргэж байсан билээ. Энэ жигүүрийг, шаардлагыг ахмад гишүүдийн төлөөлөл ч дэмжиж байгаа гэлээ. Өөрөөр хэлбэл цаашид намын үйл ажиллагаа, бодлогыг шинэчилж, шинэ хэлбэрээр зохион байгуулж залуучуудыг өргөнөөр оролцуулах нь зүйтэй гэж үзжээ.

Мөн ахмад гишүүд цааш хэлэхдээ “Бид 91 жилийн түүхтэй намаа муулах гэсэнгүй. Тэнд ажиллаж байгаа удирдлагуудын үйл ажиллагаанаас болж байгааг хэлэх гэсэн юм. МАН сонгуульд ялагдлаа. Ялагдсан шалтгааныг дараах дөрвөн зүйлээс улбаатай гэж үзэж байна.

Нэгдүгээрт, МАХН байж байгаад МАН болж нэрээ өөрчилсөн. Нэрнээс болж гишүүдийн дунд төөрөгдөл үүссэн.

Хоёрдугаарт, гишүүдийн намдаа итгэх итгэл алдарсан.  

Гуравдугаарт, намын дотор хоёрдмол бодолтой хүн олон болсон.

Дөрөвдүгээрт, сонгууль хуулийн дагуу явагдаагүй. Энэ ялагдлын хариуцлагыг намын удирдлагууд хүлээх ёстой” гэв.

Намыг шинэчлэх талаар “Шинэ үе-Шинэ бодлого”-ыг хэрэгжүүлэгч МАН-ын анхны жигүүр үүсгэж байгаа залуучуудын санаачлагыг баяртайгаар хүлээн авч дэмжиж байгаагаа илэрхийлж амжилт хүслээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top