Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр орой Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Монгол Ардын намын дарга С.Батболд болон УИХ-ын хамгийн ахмад гишүүний хувьд УИХ-ын даргыг томилох хүртэл чуулганыг удирдах үүрэгтэй Д.Дэмбэрэл нартай уулзсан юм . Ерөнхийлөгч УИХ-ын чуулганыг гацаанаас гаргахын тулд төрд тангараг өргөсөн гишүүд ажилдаа орж, төрийн ажлыг намын ажлаас тэргүүнд тавихыг үүрэг болгожээ.
Ингээд дараачаар УИХ дахь АН-ын бүлэг сэтгүүлчдэд мэдээллэл хийсэн юм.
АН-ын дарга Н.Алтанхуяг: “Тав дахь өдөр бид УИХ-ын даргаа сонгохоор УИХ-д олонх болсон нам эвсэлүүд нийлээд хурлаа эхэлсэн боловч МАН маань хуралд оролцоогүй. За тэгээд тав дахь өдрийг өнгөрөөгөөд хүлээлээ, хагас бүтэн сайныг өнгөрүүллээ. За тэгээд нэгдэхийн өглөө 11 цагаас хурал зарласан байсан мөн МАН-ийнхан ирээгүй. Бүлгийнхээ хурлыг зэрэгцэж хийж байна гэдэг нэрээр үд хүртэл хүлээлгэлээ. За та нар хэзээ хуралдаа орж ирэх вэ гэхлээр бид нар одоохон нэг цаас гаргаад хуралдаа орно гэсээр байгаад оройн 18.00 болгоод ер нь хуралд орохгүй ээ гурав дахь өдрөөс дахиж ярьвал ярье гэсэн ийм шийдвэрт хүрлээ гэсэн мэдээлэл өгсөн.
Түүний дараа Ерөнхийлөгч дээр МАН-ын дарга Сү.Батболд, намайг, одоо УИХ-ыг даргалж байгаа Д.Дэмбэрэл гуайг уриад нилээн удаан хугацаанд цаг гаруй Ерөнхийлөгчтэй ярилцлаа. Цаашаа яаж хуралаа явуулах вэ гэж. Энэ одоо саатаад байх юм байхгүй шүү дээ. УИХ-ын тангараг өргөчихсөн 69 гишүүн байгаа түүнээс 40 хувь нь ирчихээд суугаад байна. Цаана нь 20 гаруй гишүүд орж ирэхгүй байгаа. Юун дээр саатчихаад байгаа вэ гэхлээр Их Хурлынхаа анхдугаар чуулганыг даргалан явуулж байгаа Д.Дэмбэрэл дарга маань өөрөө Ардын намын хүн болж хувирчихаад саатаад байна. Уг нь бол тэр хүнийг Ардын намын хүн гэдгээр нь сонгоогүй УИХ-д байгаа хамгийн ахмад настай гишүүн гэдгээр нь УИХ-ын шинэ даргыг томилогдох хүртэл УИХ-ыг даргалаачээ гэсэн ийм хуултай юм. Энэ хүн маань ингээд нэг бүлгийн маягийн хүн болчихоод энэ хурал саатаад байна. Дараачийн нэг саатаад байгаа хүчин зүйл бол МАН-ийнхан янз бүрийн шалтаг хайж цаг хугацааг хойшлуулсаар байна. Тус намынхан яллагдалаа одоо хүртэл хүлээн зөвшөөрч чадахгүй байх шиг байна. Тиймээс аль болохоор олон төрлийн жижиг шажиг шалтаг хэлж хурал саатаалаа.
Тэгээд Ерөнхийлөгч бол гурван зүйлийг хатуу хэлсэн нэгдүгээрт бол өнөөдрийн байдлаар тангараг өргөөд байгаа гишүүд тэр дундаа хуралдаа оролцохгүй байгаа гишүүд хуралдаа оролцож УИХ-ынхаа бүтцийг байгуулах ёстой шүү. Хоёрдугаарт: Маргааш 10.00 цагаас УИХ-ынхаа чуулганыг хуралдуулна шүү. Яагаад гэхлээр төрийн ажил намын ажилаас урд явах учраас, гуравдугаар зүйл бол хурал даргалагч Д.Дэмбэрэл гуай та маргааш чуулганыг хуралдуулж энэ ажилаа явуулаарай. Энэ ажил явахгүй бол Ерөнхийлөгч миний бие энэ рүү оролцохоос өөр аргагүй болж байна гэсэн ийм гурван даалгаварыг бид гуравт хэллээ. Тэгэхлээр миний ойлгосноор бол хоёр дахь өдрийн 10.00 цагаас хурал эхлэнэ. Хэрвээ Д.Дэмбэрэл гуай орж ирэхгүй бол арга байхгүй Ерөнхийлөгч орж ирээд үлдэж байгаа гишүүд дотроос хамгийн ахмад настай гишүүнийг нь сонгож хурлаа даргалуулаад хурал цаашаа үргэлжилнэ. Тийм учраас чуулганаар УИХ-ын даргаа сонгож бүлэг болон байнгын хороодоо байгуулан цаашид ажиллана” хэмээн тэрээр байр сууриа илэрхийлсэн юм.
-Дараагийн ахмад гишүүнээр хурлыг даргалуулаад явах хууль эрхзүйн ямар үдэслэл, аль хуулийн ямар заалтыг дагаж байна гэсэн үг вэ? Хоёрдугаарт зөвшилцөх гэдгийг юу гэж ойлгоод байна вэ? АН, МАН-тай зөвшилцсөн гэж үзэх үү?
АН-ын дарга Н.Алтанхуяг: -Хамгийн ахмад гишүүн одоогоор хурал даргалж байгаа тэр хүн чинь өөрийнхөө намынхантайгаа нийлж суугаад тэд нар нь орохгүй гэхлээр хурал даргалахаа больчихоод байна шүү дээ. Энэ тохиолдолд яах вэ гэхлээр Ерөнхийлөгч орж ирээд хурал даргалахгүйгээр хэвийн явж байгаа УИХ-ын үйл ажиллагааг зогсоогоод байгаа учраас түүний дараачийн ахмад хүнийг тодруулаад хурлаа даргалуулаад л явна. Зөвшилцөл бол олон янзын тайлбартай манай үндсэн хуулинд юу гэж заасан байна вэ гэхлээр УИХ олонх байгуулах зөвшилцөл ийг л хийх ёстой. Олонх болсон нам бол УИХ-ын даргад нэр дэвшигчийгээ санал болгох ёстой. Хамгийн олон суудалтай нам бол бусад нам эвсэлтэй олонх болтолоо зөвшилцөнө гэж байгаа. Тэгэхлээр бусад нам эвслүүдтэй бүгдтэй нь зөвшилцөнө гэсэн заалт байхгүй.
-МАН-ын зүгээс Өвөрхангай аймагт нэр дэвшсэн хоёр гишүүнийг оруулж ирэх нь гэсэн яриа яригдсан гэсэн?
УИХ-ын гишүүн Эрдэнэбат: -Өнгөрсөн тав дахь өдөр МАН ажлын хэсэг гэж байгуулсан. МАН-ын ажлын хэсгийнхэнтэй уулзсан. Энэ үеэр энэ Өвөрхангайн асуудлыг яах юм бэ гэдэг асуудал яригдсан. Би бол УИХ-ын шинэ гишүүн. Хуулиар мөрдөгдсөн УИХ тохиролцооны дэлгүүр байж болохгүй шүү дээ. Надад зүгээр нэг болгоомжилж байсан зүйл юу вэ гэхлээр урьд нь яаж энэ хуулиа дагаж мөрддөг байсан юм бэ. “Тохиролцдог хууль гэж бий амьдралдаа дуулаагүй” хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Эрдэнэбат хэллээ.
Ингэснээр ямарч байсан гацаанд ороод байсан анхдугаар чуулган хуралдаж УИХ-ынхаа бүтцийг сонгож, төр засгийн ажил жигдрэх шатандаа орж ажиллах аж.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )