Чуулганы хуралдаан эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 24

УИХ-ын анхдугаар чуулганы үргэлжлэлийг 10.00 цагт зарласан боловч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд оролцох боломжгүй байгаагаа илэрхийлж, мөн Д.Дэмбэрэл гишүүн захирамж гаргаад байгаа билээ.

Тиймээс Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг чуулганы танхимд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Д.Дэмбэрэл гишүүн сая надтай уулзах хүсэлтээ утсаар илэрхийллээ. Д.Дэмбэрэл гишүүн хамгийн ахмад гишүүн, хуралдааныг удирдах ёстой хүн. Гэвч намынхаа ажлыг тэргүүнд тавиад чуулганд орж ирэхгүй байна. Өнөөдөр МАН-ын Бага хурал болж байгаа, энэ мэтээр цаг хожиж төрийн ажлыг гацааж байна. Намайг үгээ хэлж дууссаны дараа манай бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлээрэй” хэмээн хэлсэн юм.

Р.Гончигдорж гишүүн хэлэхдээ “Д.Дэмбэрэл гишүүн үүргээ хүлээхгүй байна, дуудаж уулздаг дарга биш, чуулганы танхимд орж ирж, хуралдаан даргалах үүргээ биелүүлэх ёстой” гэв. Гишүүн Ч.Сайханбилэг: " Надад нэг ийм горимын санал байна. Одоо Д.Дэмбэрэл гишүүнийг чуулганы танхимд орж ирэхгүй бол хамгийн ахмад гишүүнээрээ хурлаа даргалуулъя гэв. Харин гишүүн Д.Тэрбишдагва тус саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд АН-ын дарга Н.Алтанхуягийг Д.Дэмбэрэл даргатай очиж уулзахыг хүссэн юм.

Н.Алтанхуяг дарга төд удалгүй чуулганы танхимд орж ирээд Д.Дэмбэрэл даргатай уулзаад ирлээ. Хуралдааныг маргааш баттай хуралдуулна гэсэн бол Гишүүн Ч.Сайханбилэгийн саналыг олонх гишүүд дэмжсэнээр  чуулганыг УИХ-ын гишүүн Л.Цогоор даргалуулахаар сонгож хуралдааныг эхлүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top