УИХ-ын даргаар З.Энхболд сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 24

УИХ-ын анхдугаар чуулганаар УИХ-ын даргад З.Энхболд гишүүнийг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон 42 гишүүнээс 40 нь дэмжиж 95.2 хувийн саналаар дэмжин баталлаа. Тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Үүний дараа УИХ-ын даргын тамгыг залах ёслолын ажиллагаанд шилжиж, УИХ-ын даргын тамгыг хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Л.Цог УИХ-ын дарга З.Энхболдод гардуулан өглөө.

Зандаахүүгийн Энхболд 1966 оны 5 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр, охин, хоёр хүүтэй.Тэрбээр 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль, 1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургуулийг төгссөн. Автоматик, телемеханикийн инженер мэргэжилтэй. 1996 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2004 онд АНУ-ын Денверийн Их сургуульд Олон улсын Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Англи, орос хэлтэй.                                     

З.Энхболд  ажлын гараагаа “Монел” фирмд инженерээр эхэлж зах зээлийн шилжилтийн эхэн үед “Эрэл”, “Интер” ХХК байгуулан ерөнхий захирлаар нь ажиллаж байсан. Түүнийг зөгий шиг ажилсаг, аливаа асуудалд ажил хэрэгч, зарчимч, ул суурьтай, нягт нямбай ханддаг нэгэн хэмээн ойр тойрныхон нь үнэлдэг. Бас техник, технологийн шинэчлэлийг маш хурдан хүлээн авч өөрийн болгон бусдад зааж сургах сонирхолтой гэнэ

З.Энхболд  төрийн туршлагатай түшээдийн нэг. Тэрбээр 1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга, 1999-2000 онд УИХ-ын даргын зөвлөх, 2000-2001 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2004-2005 онд Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан. УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймгийн сонгуулийн тойргоос хоёр дахь удаагаа сонгогдож, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.

УИХ-ын Аюлгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаг.УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн.

УИХ дахь  Монгол-Америк, Монгол-Орос, Монгол-Сингапур, Монгол-Хятад, Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн.

Түүний хөдөлмөр, зүтгэлийг төр, засгаас үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнажээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top