Д.Батдамба: Би хэнийг ч гүжирдээгүй учраас уучлалт гуйхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 24

Баянхонгор аймгийн 10 хоног тутмын “Баянхонгор таймс” сонины эрхлэгч Д.Батдамбыг энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны дугаартаа “Ичдэггүй лоолой” нэртэй зохиомжит нийтлэл бичсэнийх нь төлөө Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тус аймгийн сум дундын шүүхэд өгч 30 сая төгрөг нэхэмжилжээ. Д.Батдамба энэ тухай өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.

 Өнгөрсөн сарын 20-нд Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 240 тоот захирамжаар “Баянхонгор таймс” сонинд захиргааны хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй” гэсэн шүүхийн шийдвэр гарчээ. Гэтэл ГХ-ны сайд Г.Занданшатар уг үндэслэлээрээ дахин шүүхдэж сэтгүүлчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг оролдож байна хэмээн Д.Батдамба хэлсэн юм.

Мөн тэрээр “Зарим эрх мэдэлтнүүд хэвлэл мэдээллийн амыг боож, үнэн нүүр царайгаа ард түмнээсээ нууж байна. Орон нутгийн сэтгүүлчид ажлаа чөлөөтэй хийх нөхцөл бололцоо ховор боллоо. МАН-ын хороо болон Г.Занданшатар шүүхэд гурван удаа өргөдөл өгсөн. Ажлын бус цагаар намайг шүүхэд дуудсан. Би хэвлэл мэдээллүүдээр гарч байсан баримттай зүйлийг зохиомжлон нийтлэл болгож бичсэн. Орон нутагт хэвлэлийн эрх чөлөө хаалттай байна. Сэтгүүлч өөрийн бэлтгэсэн ард түмний эрхийг дээдэлсэн утга агуулгатай сурвалжлага, мэдээ гаргахад хаалттай байдаг. Манай аймагт гурван телевиз, хоёр сонин үйл ажиллагаа явуулдаг. Тэр нь намын харьяанд байдаг. Үүнийг буруутгах аргагүй юм. Яагаад гэвэл мөнгө авч байж л ажилтнуудаа цалинжуулдаг. Миний нийтэлсэн “Ичдэггүй лоолой” нийгэм улс төрд болж байгаа үйл явдал яагаад олон янзын муу муухай асуудалд холбогдоод байдаг юм бэ. Яагаад энэ эрхмүүд энэ асуудалд ижил дасал болсон юм. Үүний цаана олон хууль зөрчигдөж, төдий чинээ авлига яваад байгааг илчилсэн. Гэхдээ би уг нийтлэлдээ Г.Занданшатар гэсэн нэг ч үг оруулж бичээгүй. Г.Занданшатарын нэр хүндийг унагаах ноцтой шинэ баримтыг агуулаагүй бөгөөд Хадгаламж банкны 14 тэрбум гэгдэх хэргийн талаар 2007 онд хэвлэн нийтлээгүй сонин хэвлэл байхгүй. Занданшатар сайдын хуулийн  зөвлөх нь надтай уулзахдаа намайг өрх толгойлсон эмэгтэй хүн юм байна. Тиймээс сайдаас уучлалт гуйхыг шаардсан. Би хэн нэгнийг гүжирдээгүй учраас уучлалт гуйх шаардлагагүй” гэж хэллээ.

Төрийн сайдын энэхүү бусармаг авирлал хэрээс хэтэрвэл нийтлэлийг бичсэн сэтгүүлч түүнээс ноцтой баримтуудыг дэлгэхийн зэрэгцээ сэтгүүлчийн эрх ашгийг хамгаалах олон улсын байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top