МАН-ын даргаар Ө.Энхтүвшин сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 25

МАН-ын Бага хурал өчигдөр шөнө хүртэл хуралдан намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг болон Удирдах зөвлөлөө үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Бага хурлын үеэр анхаарал татсан гол асуудал бол МАН-ын шинэ дарга болон Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох явдал байв. Ингээд МАН-ын дараачийн даргад Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлсэн бол заалнаас УИХ-ын гишүүн асан Р.Рашийг өрсөлдүүлснээр нийт гишүүдийн 89 хувийн саналаар МАН-ын шинэ даргаар Ө.Энхтүвшин сонгогджээ. 

Өчигдөр шөнө болтол хуралдсан намын бага хурлаар ийнхүү гацхан намын даргаа сонгосон бол өнөөдөр бага хурал 12.00 цагаас хуралдаж үргэлжлэн намынхаа генсекийг томилохоор болсон байна.

Өлзийсайханы Энхтүвшин 1958 оны 10 дугаар сарын 30-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, ам бүл 6.

1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль, 1980 онд Монгол Улсын Их сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 1989 онд ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны Академи төгссөн. Түүхийн ухааны доктор. Англи, орос хэлтэй.

Ө.Энхтүвшин нь  төрийн туршлагатай түшээдийн нэг. Тэрбээр Хөвсгөл аймгийн сонгуулийн тойргоос гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж  байна.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо,Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд харьяалагддаг.

УИХ дахь Монгол-Грекийн парламентын бүлгийн дарга, Монгол-Канад, Монгол-БНАСАУ, Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн.

Ө.Энхтүвшин Улсын бага хурал, Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага  байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд шуурхай, үнэн бодитой хүргэхэд гүүр болон ажиллаж байсан  анхны цөөхөн сурвалжлагчдын нэг.

Тэрбээр МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд, ахлах ажилтан, “Ардын эрх” сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, Монгол Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга, “Үнэн “сонины ерөнхий эрхлэгч, МАХН-ын нарийн бичгийн дарга,  Улаанбаатар хотын МАХН-ын хорооны дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүний албыг  тус тус хашиж байсан.

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнажээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top