Д.Эрдэнэбат: Чуулган үндсэн хуулийн дагуу явагдсан

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 25

Өнөөдөр чуулганыг хуралдуулахаар товлоод байсан бол одоогоор хараахан хуралдаагүй байна. Ингээд цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын байр суурийг хүргэж байна.

-МАН-ынхан танай намыг хууль зөрчлөө гэж үзээд байгаа. Тэгэхлээр танай намын байр суурь чуулганыг гацаасан тал дээр ямар байгаа вэ?

-Бид нар УИХ-ын чуулганыг үндсэн хууль, УИХ-ын дэгийн дагуу явагдаж өнгөрсөн шүү дээ. Энэ дээр бол ямар ч маргаан байхгүй. Хурал олонхоо бүрдүүлсэн бол хуралдаанаа үргэлжлүүлэн явуулах ёстой. Энэ утгаараа чуулганыг хуралдуулсан явдал бол хууль дүрмийнхээ дагуу явсан.

-Өчигдөр МАН-ыхан мэдээлэл хийхдээ цэцэд хандана гэсэн?

-Цэцэд хандах тухай албан ёсны шийдвэр энээ тэрээ гарсныг би мэдэхгүй. Дөнгөж сая Н.Энхболд даргатай уулзаад зүгээр санал солилцоод л гараад ирлээ. Энэ хоёр нам энэ эвслүүд бүгдээрээ ойлголцож ажиллах ёстой. Нэгэнт Их Хурлын шийдвэр гарсан энэ чинь өөрөө төрийн эрх барих дээд байгууллага, үйл ажиллагаа нь цаашдаа тасралтгүй явах ёстой юм. Тийм учраас энэ улстөрийн намууд ойлголцоод, хуулиа баримтлаад цаашаа явах ёстой.

-Ойлголцолд хүрэх боломж байна уу?

-Хэрвээ бид нар ард түмнийг төлөөлж байгаа л юм бол хүссэн хүсээгүй буулт хийх юман дээрээ буулт хийнэ. Урагшаа хандаад явах юман дээрээ урагшаа хандаад л явах ёстой. Ийм зарчим байр суурин дээр АН өнөөдрийг хүртэл байж байгаа. Тийм учраас өнөөдөр бид нар Их Хурлын даргатай болчихлоо ч гэдэг юмуу, олонхоороо бүх юмыг түрээд явна шүү ч гэдэг юм уу тийм бодол санаа ерөөсөө байхгүй. Болж өгвөл бид нар төрийн ажлыг гацаахгүй явах ёстой. Бидний өмнө хүлээгдэж байгаа асар олон ажлууд байгаа. Үүнийгээ маш шуурхай гүйцэтгэх ёстой. Байдлыг ажиглаад байхад Их Хуралд суухгүйгээр намын ажлыг хийгээд явдаг жишиг энэ төрд цаашдаа байх ёсгүй. Их Хуралд суухгүйгээр хуучин Засгийн Газар нь элдэв янзын шийдвэр тогтоол гаргаад, гэрээ хийгээд янз янзын томилгоо хийгээд, янз бүрийн байгууллага байгуулах тухай яриад явах нь цаг хугацааны хувьд буруу зүйл гэж бодож байна. Тийм учраас ийм эмх замбараагүй зүйлүүдийг бид бүхэн маш хурдан цэгцлэх ёстой.

-Одоо дахиад нэг хууль зөрчих гээд байна. Хуулиндаа 24 цагийн дотор бүлэг байгуулагдах ёстой. Гэтэл одоог хүртэл чуулган хуралдаагүй байна?

-Хуулиараа бол намууд бүлэг байгуулах тухайгаа 24 цагийн дотор Их Хурлын даргад мэдэгдэх ёстой юм. Өнөөдөр Их Хурал дээр бол хоёр бүлэг бол албан ёсоор буусан. МАН-ынх бүлэг байгуулах саналаа өгөөгүй байна. Энэ асуудал өнөөдөр 12.30 минутаар энэ асуудал дуусах ёстой юм. Миний болгоомжлол юу вэ гэхлээр дахиад л хуулийн зөрчил рүү яваад орчих вий дээ гэдэг болгоомжлол байгаа. Энэ саналаа би МАН-ыханд хэлэх нь зөв гэж үзсэн. Улстөрийн намуудын өөр өөрсдийн шийдэл нь ямар байхыг би хэлж мэдэхгүй.

Сая би Н.Энхболд дарга дээр орохдоо би нэгэнт танайх шинэ намын даргатай болсон бол хоёр намынхаа удирдлагыг уулзуулъя. Энэ асуудал дээр бид нар цаашдаа хамтарч ажиллах ёстой. Миний ойлгож байгаагаар бол намын дарга өөрчлөгдөнө гэдэг бол намын бодлогод өөр нэг уур амьсгал ороосой, энэ асуудал цаашаа зөв голдирол руугаа явна гэдэгт найдаж байна.

-Засгийн Газрын бүтэц бүрэлдэхүүний тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн Газрын бүтэц бүрэлдэхүүн болоогүй ээ. Бид нар эхлээд УИХ-ынхаа бүрэлдэхүүнийг зайлшгүй янзалж авч байж цаашаа явах ёстой.

-МАН-ынхан цэцэд хандсан тохиолдолд цэцийн шийдвэр гартал УИХ хүлээлтийн байдалтай байх уу?

-Цэцэд хандах үндэслэл байгаа юм уу гэдгийг би мэдэхгүй байна. Өнөөдөр яг цэцэд ямар нэг гомдол гаргасан юм байхгүй болов уу гэж бодож байна. Бид маргалдаад сөргөлдөөд явах юм бол энэ төрийн ажил гацаад хүлээгдэж байгаа бүх юм хойшилно гэсэн үг шүү дээ. Бид ажлаа л хийх хэрэгтэй. Ингэж байж урагшаа явна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top