МАН УИХ-д бүлэг байгуулах эрхгүй боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 25

 

Өчигдөр УИХ-ын анхдугаар чуулган болж, УИХ-ын даргаар З.Энхболдыг хуралдаанд оролцсон нийт гишүүд 95,2 хувийн саналаар баталсан. Харин анхдугаар чуулганд МАН-ын бүлэг бага чуулганаа хийж байгаа гэдэг шалтгаанаар оролцоогүй юм. УИХ-ын тухай хуулийн 17-р зүйлийн 6-д “Нам, эвслийн бүлгийн ахлагч Улсын Их Хурлын анхдугаар чуулган дээр Улсын Их Хурлын даргыг сонгогдсоноос хойш 24 цагийн дотор нам, эвслийн бүлэг байгуулсан тухай шийдвэр, нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ” гэж заасан байдаг. Хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд тус бүлгийг бүртгэж авдаггүй аж. МАН-ын бүлгийнхэн хуулийн хугацаанд бүлгийнхээ мэдүүлгийг УИХ-ын даргад өргөн бариагүй учраас ирэх дөрвөн жилд бүлэггүй, сул гишүүдтэйгээр чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох аж. Бүлэггүй болсноороо тус нам

  • Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байгаа хуулийн болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн үндэслэл, бодлогын талаар тус тусын санал, дүгнэлт гаргах,
  • УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах санал гаргах;
  • Улсын Их Хурлын чуулган, Байнгын хорооны хуралдааны үед завсарлага авах;
  • Байнгын хорооны бүрэлдэхүүний талаар Улсын Их Хурлын даргатай зөвшилцөх;
  • Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбогдсон саналаа Улсын Их Хурал, Байнгын хороонд оруулах эрхгүй болж байгаа юм.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top