З.Энхболдыг дэмжихгүй гэсэн бичиг хүргүүлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 25

УИХ-ын дарга З.Энхболдыг чуулганы анхдугаар хуралдаанаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар сонгосон билээ. Уг хуралдаанд МАН-ын гишүүд оролцоогүй бөгөөд өнөөдөр АН-ын дарга Н.Алтанхуягт “УИХ-ын даргад нэр дэвшигч З.Энхболдыг дэмжих боломжгүй” гэсэн утгатай албан бичгийг МАН-ын дарга Ө.Энхтүвшин хүргүүлсэн байна.

Уг албан бичигт “МАН-ын 25 гишүүн иргэд, сонгогчдынхоо саналыг хүндэтгэн тангаргаа өргөж, төр засгаа яаралтай эмхлэн байгуулах чин эрмэлзэлтэй ажиллаж байна” гээд УИХ-ын аравдугаар тойргоос сонгогдсон МАН-ын гишүүд бүрэн эрхээ эдлэх боломжгүй байгааг сануулжээ. Мөн УИХ-ын 22. 26 дугаар тойрогт дахин санал хураах процесс удаашралтай байгаа болон зарим тойрогт саналыг гараар тоолох хүсэлтийг шийдвэрлээгүй байгааг дурдсан байна. Гол нь УИХ-ын дарга З.Энхболд энэ бүх хүсэлтийн эсрэг үзэлтэй гишүүн гэж үзэн дэмжихгүй байгаагаа албан бичигтээ дурьдаж.

Жич: УИХ-ын гишүүн З.Энхболд өчигдөр буюу 2012 оны долдугаар сарын 24-нд УИХ-ын даргаар сонгогдсон бол МАН-ын дарга өнөөдөр буюу 2012 оны долдугаар сарын 25-нд ирүүлсэн албан бичигтээ УИХ-ын дарга З.Энхболдыг УИХ-ын даргад нэр дэвшигч хэмээн тодотгожээ.


А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top