Ж.Сүхбаатар Орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргаар сонгогджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 26

МАН-ын Бага хурлын VI хуралдаанаар өчигдөр нарийн бичгүүдээ огцруулж, шинээр томилжээ. Тус намын хувьд орон тооны дөрвөн нарийн бичиг, харин орон тооны бус таван нарийн бичгийн даргатай юм байна. Энэхүү тоогоо хэвээр хадгалж, дараах сонголтыг хийжээ. Тодруулбал, орон тооны нарийн бичгийн даргаар Нийслэлийн намын байгууллагууд хариуцсан нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Б.Мөнхбаатар нарыг нэр дэвшүүлэн өрсөлдүүлжээ. Б.Мөнхбаатарыг заалнаас нэр дэвшүүлсэн бол Ц.Мөнх-Оргилыг намын удирдлагуудын зүгээс санал болгосон аж. Санал хураалтын дүнд Бага хурлын гишүүдийн 56.9 хувийн дэмжлэгийг УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил авчээ.

Тэгвэл Аймаг орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, мөн нарийн бичгийн дарга байсан Ц.Сүхбаатар нар өрсөлдөж, Ж.Сүхбаатар нь 61.8 хувийн санал авч уг албанд томилогдсон аж.

Харин Хэвлэл мэдээлэл олон нийт хариуцсан нарийн бичгийн даргаар Д.Сарангэрэл, Сан, хөрөнгө хариуцсан нарийн бичгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нар Бага хурлын гишүүдийн олонхийн саналыг авч сонгогджээ.

Орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Гарамжав нарыг тус тус томилжээ. Мөн энэ удаагийн Бага хурлаар гишүүд нь Удирдах зөвлөлөө бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж шинэчилснээр хурлаа өндөрлүүлсэн байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top