Д.Эрдэнэбат: Эхлээд УИХ-ын бүрэлдэхүүнээ цэгцэлье

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 26

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас дараахь зүйлийг тодрууллаа.

-МАН-ын зүгээс УИХ-ын даргыг хууль бусаар сонголоо. Иймээс цаашид гаргах шийдвэр болгон нь хууль бус байна гэсэн мэдээлэл хийсэн. Үүнд ямар хариу өгөх вэ?  
-УИХ-ын чуулган Үндсэн  хууль, УИХ-ын тухай хууль, дэгийнхээ дагуу болсон. Үүнд, ямар ч маргаан байхгүй. УИХ олонхио бүрдүүлсэн л бол хуралдаанаа үргэлжлүүлэх ёстой. Энэ утгаараа өчигдрийн /уржигдар/ чуулганы хуралдаан хууль дүрмийн дагуу болсон.

-Тус намынхан эсэргүүцэж Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ ч мэдэгдсэн шүү дээ?
-Үндсэн хуулийн цэцэд хандах тухай албан ёсны шийдвэр гаргасан, үгүйг нь мэдэхгүй юм. УИХ-ын дарга Энхболдтой уулзаж, санал солилцлоо. АН, МАН, “Шударга ёс”эвсэл парламентад ойлголцож ажиллах ёстой. Нэгэнт одоо УИХ-ын шийдвэр гарчихсан. Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа цаашид тасралтгүй явах учиртай. Тиймээс улс төрийн намууд ойлголцоод, хуулиа баримталж, ажиллана гэдэгт найдаж байна.

-Ойлголцолд хүрэх боломж бий юү?
-Хэрэв бид ард түмнээ төлөөлж байгаа л бол хүссэн, хүсээгүй буулт хийх зүйл дээр хийж ажиллах ёстой. Урагшаа хандаад явах юманд урагшаа хараад л явах болно. Ерөнхийдөө АН ийм л зарчмын байр суурьтай байгаа. Тиймээс олонхиороо түрэмгийлж, асуудал шийдвэрлэнэ гэсэн бодол байхгүй. Бид төрийн ажлыг гацаамааргүй байна. Бидний өмнө хүлээгдэж буй олон ажил байна. Үүнийг маш шуурхай гүйцэтгэх ёстой. УИХ-д суухгүйгээр намын ажил хийгээд явдаг жишиг энэ төрд цаашид байх ёсгүй. УИХ-д суухгүйгээр хуучин Засгийн газар элдэв янзын шийдвэр, тогтоол гаргаж, гэрээ, янз янзын томилгоо хийгээд, байгууллага байгуулах тухай яриад явах нь буруу гэж бодож байна. Тийм учраас энэ эмх замбараагүй зүйлийг хурдан цэгцлэх шаардлагатай.

-Хэрэв МАН Үндсэн хуулийн цэцэд хандчихвал, цэцийн шийдвэр гартал УИХ дахин хүлээлтийн байдалд орох уу?
-Цэцэд хандах үндэслэл байна уу, үгүй юү гэдгийг би мэдэхгүй байна. Одоохондоо ҮХЦ-д ямар нэг гомдол гарсан асуудал байхгүй болов уу. Бид маргалдаж, сөргөлдөн яваад байвал төрийн ажил гацаж, яаралтай шийдэх олон зүйл хүлээгдэж, асуудлууд шийдвэрлэгдэхгүй хойшилно. Бид үүрэгт ажлаа л хийх ёстой.

-Намууд бүлэг байгуулах саналаа УИХ-ын даргад 24 цагийн дотор мэдэгдэх ёстой гэсэн. Гэтэл МАН-ынхан УИХ-ын дарга хууль бусаар сонгогдсон учир намын бүлгээ ч байгуулахгүй гэж ярьж байгаа?  
-УИХ-д хоёр бүлэг албан ёсоор байгуулагдчихаад байна. МАН-ынхан бүлэг байгуулах саналаа өгөөгүй. Өнөөдөр /өчигдөр/ 12:30 цаг гэхэд 24 цагийн хугацаа дуусах ёстой. Хууль зөрчигдөх нь гэсэн болгоомжлол надад байна. Энэ саналаа ч МАН-ынханд хэлэх нь зөв. Яахав, улс төрийн намуудын шийдвэр ямар байхыг би хэлж мэдэхгүй. Энхболд даргад “МАН-ын шинэ даргатай намынхаа даргыг уулзуулъя. Цаашид хоёр нам ойлголцох ёстой” гэж хэлсэн. Мөн намын дарга өөрчлөгдөнө гэдэг нь намын бодлогод өөр шинэ уур амьсгал орно байх гэж бодсоны үндсэн дээр хэлсэн юм шүү. Энэ асуудал цаашид зөв голдиролдоо орно гэдэгт найдаж байна.

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухайд?
-Энэ тухай ярих болоогүй байна. Бид эхлээд УИХ-ын бүрэлдэхүүнийг цэгцэлчихээд цаашид энэ асуудлыг ярина.     

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(62.210.78.179) 2014 оны 06 сарын 21

That”s a posting full of intishg!

0  |  0
Top