УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр үдээс өмнө Үндэсний статистикийн хорооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тус хорооны дарга С.Мэндсайхан, тэргүүн дэд дарга Г.Гэрэлт-Од, дэд дарга Б.Эрдэнэсүрэн, Ерөнхий менежер Б.Ганбат нар шинээр томилогдсон УИХ-ын даргад баяр хүргээд, ажлын амжилт хүсэв.
Уулзалтын эхэнд Үндэсний статистикийн хорооны удирдлагууд байгууллагынхаа үйл ажиллагааны талаар ярьж танилцуулсан бөгөөд УИХ-ын зүгээс анхааралдаа авбал зохих зарим асуудлын тухайд харилцан санал бодлоо солилцсон. Энэ талаар Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Монгол Улсад бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагатай хамтран ажлаа уялдуулж явуулах нь чухал ач холбогдолтойг дурдаад, төрийн мэдээллийн нэгдсэн санг бий болгоход анхаарал тавих, энэ ажилд ахиц гаргах шаардлагатай байгааг онцолж байв.
УИХ-ын дарга З.Энхболд, шинээр иргэдэд олгож буй цахим үнэмлэхэнд цахим гарын үсгийг оруулан ашиглаж болох эсэх, түүнчлэн тус газрын анхан шатны мэдээлэл цуглуулах үйл явц, арга барил хэвээр байгааг аль болох өөрчлөн, дэвшилтэт хэлбэр рүү оруулах тухай зарим зөвлөмжийг өглөө. Мөн статистикийн мэдээлэл бүрдүүлэлтийн ач тусыг олон нийтэд сайтар ойлгуулах нь чухал гэдгийг УИХ-ын дарга онцолсон. Түүнчлэн төрийн байгууллагууд, төрийн ажилтнууд статистикийн үнэн бодит мэдээлэл, тоо баримт, дүнг үйл ажиллагаандаа ашиглан ажиллаж сурах хэрэгтэйг тэмдэглэж байв.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )