Энэ долоо хоног их үйл явдлаар дүүрэн байлаа. Хэсэгтээ дуншсан УИХ-ын Анхдугаар чуулган арайхийн хуралдаж нэг юм даргаа сонгоодохлоо. Сонгосон даруйдаа бүлэг, байнгын хороог байгуулах ажилдаа орсон хэдий ч одоогийн байдлаар ганцхан Төрийн байгуулалтын байнгын хороог байгуулаад байна. Товлосон хугацаанд байнгын хорооныхоо даргыг сонгоорой гэж УИХ-ын дарга үүрэгдээд чуулганыг завсарлуулсан.
Анхдугаар чуулган эхэлснээс хойш МАН-ынхан чуулганы хуралдааны танхимд хамраа ч цухуйлгалгүй намынхаа байран дээр өдөр шөнөгүй хаалттай хуралдаж намынхаа удирдах зөвлөлийг огцруулж, шинэ дарга нараа сонгосон юм. МАН-ын шинэчлэлийг хүлээж байсан ард иргэдийн санал бодол талаар өнгөрөв бололтой. Яагаад гэхлээр өнөө л хуучин хүмүүсээ дахиад л сонголоо. Гадуур бүр зарим нэгэн “За даа, МАН ингээд НАМ уналаа” хэмээж байх.
Ингээд МАН-ыхныг бага хурлаа хуралдуулж байхад нь намын бүлэг байгуулах хуулийн хугацаа нь аль хэдийнэ өнгөрч МАН бүлэггүй дангаар хоцорсон юм. Гэхдээ үүнийгээ МАН-ынхан ингэж тайлбарлаж байгаа юм. Үндсэн хууль, бусад хуулийг дээдэлж ажиллана гэж УИХ-ын гишүүд тангараг өргөдөг. Энэ нь зарим хуулийг дээдэлж болно, зарим хуулийг дээдлэхгүй гэсэн үг биш. Түүнтэй адилхан УИХ-ын дарга сонгох асуудлыг УИХ дахь бусад нам, эвсэлтэй зөвшилцөнө гэж хуульд заасан байгаа. Энэ нь УИХ-д суудалтай бусад бүх намтай зөвшилцөнө гэсэн үг болохоос биш зарим намтай зөвшилцөөд заримтай нь зөвшилцөхгүй гэсэн үг биш. Тийм болохоор яах аргагүй хууль зөрчсөн. Анхдугаар чуулганыг насаар хамгийн ахмад гишүүн удирдаж, зохион байгуулна гэж хуульд заасан. Өнөөдөр анхдугаар чуулганыг хуралдуулахаар хамгийн ахмад гишүүн захирамж гаргасан байсан. МАН-ын гишүүд өнөөдөр 10.00 цагаас чуулганы хуралдаанд оролцоно гэж байлаа.
Гэтэл тэр процесс явсангүй. Ганцхан өдөр хүлээлгүйгээр олонх хурлыг хууль бусаар явуулчихлаа. Ахмад гишүүн хурал зохион байгуулна гэдэг нь зарлана гэсэн үг. Удирдана гэдэг нь чуулганы хуралдааныг зохион байгуулж индэр дээрээс удирдана гэсэн үг. Тэгэхээр хуулийн заалтуудыг маш ихээр зөрчсөн. Тиймээс хууль бусаар томилогдсон УИХ-ын дарга байгаа учраас дараа дараагийн гаргах шийдвэрүүд бүгд хууль бус болно. УИХ-ын дарга томилох асуудал хууль бус болсон тул намын бүлэг байгуулах нь ч хууль бус, боломжгүй гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотой бичгүүдийг МАН-ын гишүүд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргад өгөх гэж байна. Хууль бус үйл ажиллагаа болж байгаа учир намын бүлэг байгуулах, гишүүдийн нэрсийн жагсаалтыг УИХ-ын даргад өргөн мэдүүлэх боломжгүй гэсэн бичиг өгөх гэж байгаа гэсэн юм. Харин хуулийнхан болохоор гомдол гаргах нь үндэслэлгүй, цэц бараг хүлээж авахгүй хэмээнэ. УИХ-ын зарим туршлагатай хуульч гишүүд ч үүнтэй санал нэгтэй байна.
Ардын намынхныг бага хурлаа хуралдуулж байхад УИХ-ын чуулган өчигдөр хальт хуралдаад Төрийн байгуулалтын байнгын хороог байгуулаад авсан. Сонирхолтой нь тус байнгын хороонд МАН-аас нэг ч хүн оролцоогүй явдал юм. Ийнхүү МАН-ынхан бүлэг ч үгүй, ТББХороо ч үгүй хоцорч бүгд бие даагчид болон хувирлаа. МАН-ыг ингэж намынхаа ажлыг өмнөө тавьж явах хооронд өчигдрөөс эхлэн АН-ынхан хоорондоо тар түр хийгээд амжлаа. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэд бүлэг болон байнгын хороо, Засгийн газрын зэрэг асуудлууд дээр санал нэгдээгүй бололтой. Ямар сайндаа УИХ-ын гишүүн Н.Батбаяр эсэргүүцлээ илэрхийлж зарим гишүүдийг чуулганд оролцуулахгүй гэж картыг нь сугалж авч гарч гүйхэв дээ. Уг нь өнөөдөр чуулганыг хуралдуулж зарим байнгын хороодыг батлах ёстой байсан ч хуралдалгүй өнгөрлөө. “Түгжил”-үүдийн түгжээ арай гэж арилтал АН-ынхан дахиад түгжиж орхих юм биш биз дээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )