Засгийн газар бүрддэгээрээ бүрдэж, ажил явдгаараа явна. МАН-ынхан шантааж хийдгээрээ хийнэ. Ийм юмыг АН-ынхан үзэж туулаагүй биш. Ямар Н.Багабанди шиг Ерөнхий сайдыг долоон удаа буцааж ард түмнээ туйлдуулах хөгийн Ерөнхийлөгчтэй байгаа биш.
Өчигдрийн байдлаар зарим хэвлэл мэдээллийнхэн Засгийн газрын бүтцийг урьдчилж бүтээгээд, сайд нарыг нь зоогоод эхэлчихэж. Сайд нарын тухайд хүмүүс өөр өөрсдийн саналаа Н.Алтанхуягт хэлээд явж байгаа байх. Шийдэлд нэг мөр хүртлээ зай ч байна, лай ч байна. Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг батлагдлаа гэхэд эргэлзээгүйгээр эхний өдөр ажил нь тодорхой болох хэдэн хүн бол байнаа байна. Нэрлэхэд нэг их мэргэлсэн болохгүй байх. Тухайлбал Н.Алтанхуяг баруун, зүүн гартаа басар асар хоёр залуугаа байршуулна биз. Ч.Сайханбилэг, С.Баярцогт гэж. С.Баярцогтыг энэ удаадаа өнж гэсэн гээд гадуур ярьцгааж л байна. Худлаа байх аа. Ер нь бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Ч.Сайханбилэг, тэргүүн дэд даргаар А.Мөнхбат... гэхчлэн шат шатандаа томилогдоод явах нь тодорхой нөхдүүд байгаа юм билээ. А.Мөнхбат гэдэг нь Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Мөнхбат шүү дээ. Өчигдрийн хэвлэлүүд шинээр байгуулагдах эвслийн Засгийн газрын 19 яамыг жагсаасан байна. Нэршил, нэр томьёо, нэгдэж задрах өөрчлөлтүүд гарах л биз. Гэхдээ багцаа нь гарсан байх шиг. Эдгээр яамдыг толгойлохоор яригдаж буй нам эвслийн төлөөллүүдийг ч яриад, бичээд эхэллээ.
Сангийн яаманд М.Энхсайхан очих сураг эхэнд дуулдсан. Эрт яригдсан яриа. Гэвч АН-ын луугарууд М.Энхсайханыг авчрахыг нэг их хүсэхгүй. Энэ яамны бүтэц өөрчлөгдөж Эдийн засаг, шинэтгэлийн яам гэсэн "дүү" төрүүлэх аваас Ц.Баярсайхан толгойлж магадгүй нь. Тойргоо Ажнай Бат-Эрдэнэд өгсөн, жагсаалтад дээгүүр бичигдсэн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан түүнийг энэ яамыг удирдаж чадахгүй гэж хэн ч хэлэхгүй.
Батлан хамгаалахын яаманд Л.Гансүх очих тухай бичээд эхэллээ. Үнэмшилгүй байна. Үнэндээ Л.Гансүх Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллах болов уу гэж бодно. Энэ яамны сайдын нэр эрч хүчтэй яригдахгүй байна.
Гадаад харилцааны яамыг Лу.Болд авмаар байгаагаа илэрхийлсэн сурагтай. Түүний санаагаар болох эсэхийг бас мэдэхгүй.
Боловсрол, шинжлэх ухааны яамыг Лу.Гантөмөр надад өгчих гэсэн бололтой. Лу.Гантөмөр бол "Нэг ардчилал" гэсэн АН доторх под фракцын төлөөлөл. Гэтэл П.Алтангэрэлийн нэр энэ яамны сайдаар бас яригдаад эхэллээ. Багш мэргэжилтэй, "Багш" хөтөлбөрийн автор түүнийг зүтгүүлээд эхэлжээ. Гэтэл энэ яамны Соёлын гэдгийг нь тасдан авч "Соёлын яам" гэж тусдаа байгуулах гэнэ. Түүгээр ч барахгүй энэхүү Соёлын яамыг эвссэндээ өгье гэтэл цаадуул нь Н.Энхбаяраараа энэ яамыг чинь ядаж толгойлуулъя хэмээн тулгасан сурагтай.
Нийгмийн хамгаалал, хүн амын бодлогын яам гэж бий болох нь. Энэ яамыг С.Эрдэнэ санаархаж байгаа гэх. Их хурлын дэд даргыг ч бас мань эр сонирхож байгаа гэсэн. Нийгмийн хамгааллын салбарт ажиллаж байсан туршлагыг нь харахад болохгүй юм байхгүй. Энэ яамнаас салбарлуулан Хөдөлмөрийн яам гэж байгуулаад Ц.Оюунгэрэлийг томилно гэсэн яриа хүчтэй сонсогдох боллоо.
МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийнхэн авах дөрвөн яамныхаа нэгд Эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яам хоёрын аль нэгийг чинь авна гэж өчигдөр ордонд маргаан үүсгэжээ. Энэ асуудлын учрыг АН дотроо олох нь мэдээж. Энэ хоёр яамны аль нэгийг "Бриж" Д.Ганхуяг авчих санаатай Н.Алтанхуягийн өрөөгөөр олонтаа орж гарах болсоор нэлээн хэдэн өдөр өнгөрөв. Б.Ариунсан гэж дэд сайд асан нэгэн ч сонирхож байгаа нь мэдээж юм.
Байгаль орчны яамыг ИЗНН-д өгөх нь тодорхой болжээ. Уг нь энэ намд Эдийн засаг, шинэтгэлийн яамыг санал болгосон ч тэд Ногоон нам гэсэн юмаа яриад БОЯ-ыг авахаа илэрхийлжээ. Энэ яамыг Г.Баярсайхан их л сонирхож байсан гэдэг.
Зам тээврийн яамыг дэд сайдаар ажиллаж байсан А.Гансүх авах бололтой. АН доторх фракцын хуваарилалтаар МоАХ-ндоо өгч буй суудал биз.
Хүнс, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн яам гэж байгуулагдах нь. Сайд нь Женко. Булаацалдах хүн нь хэн юм бол доо. Цаана нь Барилга, хот байгуулалтын яам гэж бий. "Фортуна" Батбаяр очихыг үгүйсгэх аргагүй.
Хууль зүй, дотоод хэргийн яам хоёр салах нь тодорхой боллоо. Хууль зүйн сайдаар нь Х.Тэмүүжин. Хуульч мэргэжилтэй, Долоон сарын 1-нийг их ярьсан, шударга, энэ тэр гээд АН-ын нүүр царайны нэг болоод байгаа залуу түшээ. Гэвч түүнийг цагдаагийн шинэчлэлтэй холбоотойгоор Дотоод хэргийн яам руу нь явуулах сонирхол бусдад нь байгаа аж. Хэрэв үгүй бол Дотоод хэргийн яамыг амласнаар эвссэн намдаа өгч Л.Цог сайд нь болох аж.
Мэдээлэл, харилцаа холбоо технологийн яам байгуулагдах нь. Энэ яам бол бялуу биш. Цаг үеийн шаардлагаар бий болж байгаа ганц яам. Сайдаар нь Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн газрын дэд дарга асан А.Мөнхбат очих нь тодорхой биз. Энэ залууг онцлохын учир нь саяын сонгуулиар АН онлайн сурталчилгаа буюу цахим сурталчилгааг өндөр түвшинд хийсэн. Үүнийхээ үрээр ч мэдээлэл хамгийн сайтай, интернэт ихээр хэрэглэдэг нийслэлд АН үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Энэ үр дүнг А.Мөнхбаттай шууд холбон ойлгож байгаа юм билээ. Үүгээрээ үнэ цэнэ нь улам өндөрсөж байгаа, үүнээс ч өмнө АН-д зүтгэсэн мань залуугийн мэдлэг чадварыг Лу.Гантөмөр, Х.Тэмүүжинтэй жиших аргагүй бөгөөд яаж ашиглахаа намынх нь дарга нар ярьж байгаа сурагтай.
Эрүүл мэндийн яамыг эргэлзээгүйгээр "Шударга ёс" эвсэлд өгөх, сайдаар нь Н.Удвал очно гээд яриад тохироод эхэлсэн юм шив дээ. Ирж яваа Засгийн газрын өнгийг харахад ийм. Энд тодорхой хүмүүсийг орхилоо гэх байх. Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Н.Энхбаяр хаачив гээд. Шадар сайдын алба чинь тэднийх биш юм уу гэж. Шадар сайдын албыг тэдэнд өгөх нь өгч. Зөрүүлээд Н.Энхбаярыг энэ албандаа тавина гэж нөхөд нь зүтгэцгээсэн бололтой. Тиймдээ хүрвэл ч үгүй шүү гэхээ АН-ынхан мэднэ. Ингээд С.Баярцогтод өгөхөөр эргээд ярьцгаасан гэх. Энд Г.Батхүүг дурдахгүй өнгөрч болохгүй. Явж явж мань эр УИХ-ын Тамгын газрын дарга болох байх аа даа.
Энэ мэт яриа хөөрөө хэлцэл дунд Засаг толгойтой болж, сайд нар томилогдоно. Шинэ сайдууд бүгд минажүүлсэн орчинд ажиллах болно. Бүтэн 12 жилийн турш хийгдсэн төр захиргааны бүтэц. Сайдаасаа эхлээд баг, хорооны нийгмийн ажилтан хүртэл бүгд МАН-ын гишүүд. Тэд хуулиар хамгаалагдсан дархан эрхтэй. Тэр нь төрийн албан хаагч. Төрийн албаны зөвлөл. Энэ сүлжээ, энэ бүтэц ямар ч засаг, ямар ч сайд, даргын үед оршин тогтнож ирсэн. Бид нам бус, төрийн албан хаагч гэж бүгд хэлнэ. Энэ үгийг хэлж байгаад л цаанаа намын ажлаа цаг мөч бүхэнд хийцгээдэг. Сонгууль дөхөөд ирэхээр ил цагаандаа гарч МАН-ынхаа төлөө амь биеэ үл хайрлан зүтгэцгээдэг. Ухаандаа тэсэрч дэлбэрч эхэлдэг билээ. Иймэрхүү бөмбөгнүүд энэ улсын засаг захиргааны нэгж тутамд, байшин барилга бүрт битүү байгаа нь аймшигтай. Бөмбөгийг аюулгүй болгож байж л АН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Ингэхийн тулд Их хурлын дэгд өөрчлөлт оруулж намын бүлэг хурал хаядгийг тодорхой хугацаатай болгох ёстой. Дээр нь Төрийн албаны зөвлөл гэж МАН-ын гар хөл болсон, ард түмэнд ямар ч хэрэггүй байгууллагыг устгах ёстой юм. Энэ хоёр өөрчлөлтийг хийхгүйгээр энэ Засгийн газрын ажил урагшаа явахгүй.
Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэх үүрэг Н.Алтанхуягт ирнэ. Хүлээцтэй, маневар сайтай, хэлэлцээрийн ширээний ард сууж чаддаг, шантаажны улс төр цаашид байж болохгүйг мэдэрч буй тэрбээр энэ бүхний ард гарч чадна гэдэгт Монголын ард түмэн итгэж байгаа.
Б.НЯМАА
Захиалгатай нийтлэл
Сэтгэгдэл ( 0 )