Улстөрийн хэлмэгдүүлэлт гаргах аваас “Шударга ёс эвсэл” засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 30

АН, “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”, ИЗНН хамтарсан засгийн газар байгуулах хэлэлцээрийг хийж байгаа билээ. Тэд анхан шатны хэлэлцээрээ амжилттай дуусгасан бөгөөд засгийн газрын бүтцэд байх боловсон хүчний томилгоог хийдээ АН 75 хувь, Шударга ёс эвсэл 25 хувь байхаар тохирсон юм. Харин хоёр дахь шатны хэлэлцээрээр “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” Шадар сайд, Сангийн сайд, Эрчим хүчний сайдыг өөрсдөө бие даан нэр дэвшүүлэхээр тохиролцжээ. Харин үлдсэн нэг сайд нь ЭМЯ юм уу, БСШУЯ-ны сайд  байлгах байр суурийг Шударга ёс эвсэл барьж байгаа юм байна.

Түүнчлэн боловсон хүчний томилгоог хийхдээ эвсэж буй хүчнүүд аль болох сөөлжүүлсэн томилгоог хийх зарчмыг баримталж байгаа бөгөөд Шударга ёс эвсэлийн төлөөллийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд оролцуулах эрхээр хангах, мөн  гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хороо болон Хуульзүйн байнгын хорооны даргыг Шударга ёс эвслийн төлөөлөлд олгуулахаар тохиролцохоор болжээ.

Хамтарсан засгийн газар байгуулахад баримтлах суурь зарчимдаа “Засгийн газар байгуулахад болон түүний үйл ажиллагаа явж байх хугацаанд төр засгийн аливаа институцийн зүгээс улс төрийн хэлмэгдүүлэлтийг гаргах аваас “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” нь хамтарсан засгийн газар байгуулах талаар явагдаж буй хэлэлцээг зогсоох бөгөөд хамтарсан засгийн газрын үйл ажиллагааг дэмжихгүй байх, түүнээс гарах болно гэдгээ ил тод мэдэгдсүгэй” гэжээ.

 Захиалгатай нийтлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top