Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбогдох хэргийн шүүх хурал болж байна. Хурал одоогоор завсарлаад буй бөгөөд С.Нарангэрэл өмгөөлөгчийн нэр заасан гэрч нараас МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Оргил л иржээ.
Үүнд өмгөөлөгч сэтгэл дундуур байгаа бөгөөд Ш.Батбаяр, Г.Нинжин, Б.Баатар, Ц.Батбаяр, Н.Болормаа, Ш.Раднаасэд, М.Бадамжунай, Х.Наранхүү нарыг гэрчээр дуудах хэрэгтэй. Нэн ялангуяа Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамцыг заавал оролцуулах шаардлагатай гэж тэрээр үзэж буй аж. Үүнийгээ "Д.Чойжамц хамба бол TВ9 телевизийн асуудалтай хамгийн их холбоотой хүн. Түүнийг АТГ-ынхан айлган сүрдүүлж байж хоёр удаа хүчээр мэдүүлэг авсан байдаг. Тиймээс хавтаст хэрэгт орсон Д.Чойжамц хамбын мэдүүлэг хангалтгүй” хэмээн тайлбарласан юм.
Улмаар өмгөөлөгч С.Нарангэрэл улсын яллагч Ё.Сагсайг хэт нэг талыг барьж, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шүүгдэгч Н.Энхбаярыг ялтан гэж хэлсэн. Энэ нь хувийн сонирхлоор хандаж байна гэж үзэх хангалттай үндэслэл хэмээв.
Шүүх уг хүсэлтийг хэлэлцэх бөгөөд удахгүй үргэлжлэх юм.
Харин шүүх хурал эхлэхийн өмнө Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэлээс сэтгүүлчид зарим зүйлийг тодруулсан юм.
-Та хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж амжсан уу?
-Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны бэлтгэл бүрэн хангагдсан. Гэхдээ шүүх хуралдаан ганц өмгөөлөгчөөс шалтгаалахгүй. Шүүгч нар улсын яллагчдаас гадна энэ хэргийг үнэн шударгаар шийдвэрлэхэд заавал байлцуулах гэрчүүд, хохирогчид, шинжээчид өнөөдөр хүрэлцэн ирэх үү гэдэг асуудал байна.
-Дээрх хүмүүсийн хэн нэгэн нь ирээгүй тохиолдолд шүүх хурал хэрхэн шийдвэрлэгдэх бол?
-Хэрвээ тийм тохиолдолд МУ-ын эрүүгийн байцаан шийтгэх хуульд, шүүх хурлыг үргэлжлүүлж болох уу, үгүй юу гэдэг асуудлыг шүүгчид, улсын яллагчид, өмгөөлөгч, шүүгдэгч нар харилцан ярилцаж байж асуудлыг шийднэ. Тиймээс яаж шийдэхийг хэлэх боломж нь одоохондоо алга байна.
-Өчигдөр та хохирогчдыг шүүх хуралд оролцуулъя гэсэн хүсэлт гаргасан. Үүнд хариу өгсөн үү?
-Одоогоор өгөөгүй байна. Өнөөдөр шүүх хурал эхлэнгүүт энэ асуудлыг тал бүрээс нь ярилцах хуулийн шаардлага байгаа юм.
-Хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй байх тал дээр нь та анхаарна гэж байсан?
-Өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүх надад хариу бичгээ өгсөн. Тэр бичигт том танхимд шүүх хурлыг хийх асуудлыг судлаж байна. Харин телевизийн шууд дамжуулалт хийх явдал бол шүүхийн тухай хуульд заагаагүй учраас бид үүнд хариу өгөх боломж алга гэсэн хариуг өгсөн.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 0 )