Сүхбаатар дүүргийн шүүхэд МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна. Түүнийг бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгаад байгаа юм. Тэрээр дөнгөж сая шүүхийн танхимд өгсөн мэдүүлгийхээ удиртгалыг “Хүн хэлмэгдүүлэх, хувь заяагаар нь тоглох амархан. Би МУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн. Мөн УИХ-ын даргаар ажиллаж байхдаа, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ийм хачин утгагүй зүйлд ял тулгуулан шүүхийн танхимд зогсож байна гэж санасангүй. Хүний амьдрал сонин байдаг юм байна. Өнөөдөр энд ирээд ард түмнээ өмөөрөөд, шударга ёсыг төлөөлөөд, өөрийнхөө байр суурийг маш тодорхой илэрхийлэх нь миний амьдралдаа давж өнгөрүүлэх нэгэн даваа байжээ гэж би ойлгож байна. Тийм учраас би энэ асуудалд туйлын хариуцлагатай хандана. Мөн өмгөөлөгчид, яллагчид маань ч гэсэн хариуцлагатай байгаасай гэж хүсч байна. Монголын 2 сая 700 мянган хүн хариуцлагатай байх цаг ирсэн. Монгол монголыгоо хэлмэгдүүлдэг цаг өнгөрсөн. Буруу зүйл хийсэн бол хариуцлага хүлээхээс хэн ч айхгүй. Харин буруу зүйл хийгээгүй байхаад бусад зорилгоор нэгнийгээ хэлмэгдүүлбэл үүнийг надаас эхлээд 2 сая 700 мянган монголчууд эсэргүүцнэ. Энэ жижиг танхим ч гэсэн Монгол даяар биднийг харж байгаа шүү” хэмээн хийсэн юм. Мөн тэрээр өөрт нь хамруулан шүүж буй хэргүүдийн талаар тодорхой мэдүүлгийг өгөв.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 0 )