Яг одоо МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох шүүх хурлын ажиллагаа Сүхбаатар дүүргийн шүүх дээр явагдаж байна.
Олон сар хэвлэл мэдээллээр шуугисан, үнэн худал нь үл мэдэгдэх олон асуудлуудад МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн мэдүүлгээрээ дамжуулан дэлгэрэнгүй хариултуудыг өгөөд дууслаа.
Тэрээр өөрт нь тулгаад байсан телевизийн тоног төхөөрөмж, ном, Өргөө зочид буудал, Улаанбаатар Таймс сонины хувьчлал, Эрдэнэтийн ган бөмбөлөгтэй холбоотой асуудал зэрэгт тухайн үед болж өнгөрсөн процессуудын талаар тодорхой нэр устай нь дурдан, өөрийг нь хамааралгүй хэмээн үзэж болох нөхцөл байдлуудын талаар дэлгэрэнгүй ярьж танилцуулсныг телевиз үзэгч Монголын ард түмэн Н.Энхбаяр даргын өөрийнх нь амнаас бодитоор харж сонслоо.
Энд л өнөөдрийн нээлттэй шүүх хурлын онцгой ач холбогдол оршиж байна гэж үзэж болохоор.
Н.Энхбаяр даргын өгүүлж буйгаар бол түүнийг заавал гэмт хэрэгтэн болгож яллахаар оролдон, өөрт нь ямар ч холбогдолгүй хилс хэргүүд тулгаж байсан гэж ойлгогдохоор байна. Өөрөө ч буруутай бол бурууг нь, буруугүй бол түүнийг нь тогтоогоод өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байсан нь олон сар жилээр хилс хэрэгт тулгуулаад зовж шаналсан учраас нэг мөр асуудлаа шийдүүлж авахыг хүссэн хүний үг гэж мэдрэгдэхээр байв.
Хамгийн аймшигтай нь үгийнхээ төгсгөл хавьд ярьсан уул уурхайн лицензтэй холбоотой С.Баярын талаарх үгс байлаа. Энд л улс төр гэгч хичнээн бохир заваан, балиар зүйл болох нь тод харагдаж байна.
Нөгөө өч төчнөөн лиценз хууль бусаар олгосон хэргээр “аавынд” сууж байгаа АМХЭГ-ын дарга асан Д.Батхуяг “Танд бизнесийн туслалцаа үзүүлж болохгүй гэж дарга нар хэлсэн. С.Баяр дарга танд яавч уул уурхайн лиценз олгож болохгүй гэсэн” хэмээн гэдийгээд улсынхаа Ерөнхийлөгч байсан хүнд ганц ширхэг лиценз өгчихөөгүй нь ямар бузар булай гэж болохоор үйлдэл вэ, хэрэв энэ түүх үнэн бол. Гэтэл наад захын авлигачид, олигархууд уул уурхайн хэдэн лиценз эзэмшдэг билээ? Бүгд тодорхой мэдэж байгаа энэ талаар.
Энэ хүнд Монголд бизнес эрхлэх ямар ч боломж олгохгүй байсан учраас яалт ч үгүй улс төрийн ширүүн тэмцлийг сонгохоос өөр гарц үлдсэнгүй гэж харагдахаар байна. Мөн нэг талаас олигархуудын хэн нэгнийгээ шахаж дарамтлах замаар хүн биш болгодог балиар механизм нэвт ханхалж байна.
Одоо Монголын шүүх, прокурор нэг талыг барилгүй, хэрхэн зөв шударга ажиллаж, зөв шийдвэр гаргахыг энэ хэргээс тодорхой харж болох байх хэмээн олон нийт найдвар тавин ажиглаж байна.
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )