МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй шуугианууд олон сар хөвөрлөө. Харин тэрээр дөнгөж сая шүүх хурлын мэдүүлгээрээ дамжуулан үүнд дэлгэрэнгүй хариултуудыг өгсөн юм. Тухайлбал TV9 телевизийн тоног төхөөрөмжтэй холбоотой хэргийн талаар ийн ярьсан юм. Монголын ард түмэн Н.Энхбаярын өөрийнх нь амнаас бодитоор харж сонслоо.
Тэрээр “Би өөрийгөө монгол хүн учраас буддын шашинтай байх ёстой гэж боддог. Тиймдээ ч 1982 онд өөрөө хадаг барин лам багштай болж байлаа. Багшдаа шавь орсноос хойш 30 жил болжээ. Энэ хугацаанд Монголд буддын шашинг дэлгэрүүлэхийн төлөө зүтгэж ирсэн. Тухайлбал бурхан багшийн сургаалыг орчуулж, Жанрайсагийг бүтээсэн. Мөн Бакула Римбүчи, Далай ламыг Монголд залж, Монголын ард түмний сэтгэлд байгаа өвөг дээдсийнх нь түүх соёлыг хадгалахын төлөө тэнцсэн. Энэ ч утгаараа би гандангаас юм хулгайлах хүн биш. Чойжамц хамба бид хоёр Японы талд “Буддын шашныг сурталчилсан, Монголын зан заншлыг хадгалдаг үйл ажиллагаа явуулбал та нар дэмжих үү” гэсэн санал тавихад тэд нааштай хүлээж авсан. Ингээд Чойжамц хамба бид хоёрт Японы “Агашүй” буддын байгууллага телевизийн хэдэн тоног төхөөрөмж өгөөд “Та хоёрын дунд үүнийг өглөө шүү. Телевизээ байгуулаарай” гэсэн. Тэр үед “Ийгл” телевиз христийн шашныг дэлгэрүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байлаа. Харин телевиз байгуулна гэдэг анхнаасаа амар биш зүйл гэдэг нь ойлгогдсон. Тухайлбал, онгоцны буудал дээр буух гаалийн татвар гэсэн асуудал яригдсан. Би гаалийн татварыг нь төлж чадахгүй учраас япончуудтай эргэж холбоо бариад “Би гаалийн татварыг нь төлж чадахгүй юм байна. Гэхдээ буддын телевиз байгуулах тал дээр цаашдаа ажиллана. Харин та нар үүнийгээ гаалийн татварыг нь төлж чаддаг хүнд бэлэглээч ээ, тэр хүнийг чинь би хажуугаас нь шахаж шаардая. Тэгээд буддын телевизийг Монголд байгуулъя” гэсэн. Гэтэл Японы талаас “Тэгвэл япончуудтай холбоотой ажилладаг мөнгөтэй хүнтэй холбоо барьж байгаад энэ асуудлыг шийдээч гэсэн. Ингээд би “Таван богд” компанийн захирал Баатарсайхантай холбоо барьж дээрх тоног төхөөрөмжийн гаалийн татварыг нь төлөөд оруулж ирээч, буддын шашны телевизийг бүгдээрээ байгуулъя” гэж хэлсэн юм. Баатарсайхан захирал миний саналыг хүлээн авч гаалийнх нь татварыг төлсөн. Хамбад ч энэ талаар хэлсэн. Хэрэв ганданд энийг бэлэглэсэн байсан бол гандан аль хэдийнэ үнийг төлөх ётой байсан байх. Тэр үед би МАХН-ын дарга байсан бөгөөд нам үүнийг төлөх боломжтой байсан. Гэвч тэрхүү тоног төхөөрөмжийг япончууд намд өгөөгүй учраас үүнийг төлөх ёсгүй шүү дээ. Харин хувь хүнийхээ хувьд Чойжамц хамба бид хоёр үүнийг төлж чадахгүй байсан учраас Баатарсайхан захиралд хандаж төлүүлсэн юм. Харин сүүлд нь Баатарсайхан захирал “Нөгөө телевизийг байгуулна гэдэг хэцүү, тусгай зөвшөөрөл авдаг юм байна. Мөн хөрөнгө мөнгө болоод мэргэжлийн боловсон хүчин ч их шаардагдах юм байна” гэсэн. Ингээд нэгэнт хийж чадахгүй нь гэж байгаа хүнийг заавал хий гэлтэй нь биш дахин буддын телевиз байгуулах хүнийг хайсан. Хүмүүстэй ярилцаж хэлэлцэж байтал Мөнх-Оргил таны энэ санал чинь их сонин санал байна. Би үүнийг чинь байгуулъя гэснээр телевизийг байгуулсан. Тэр үед би хэлж байсан л даа. Үүнийг хамба бид хоёрт япончууд бэлэглэсэн. Гэхдээ би бол энэ телевизийн тоног төхөөрөмжний араас хөөцөлдөж хутгалдах хүн биш. Тийм учраас хамба тийшээ ороод хэрэггүй биз ээ. Тиймээс хамбыг гомдоож болохгүй, өөрт нь оногдох хувийг нь телевизээс гаргаж өгөх нь зөв байх гэсэн саналыг гаргаж Чойжамц хамбад энэ талаар уламжилсан. Хамба ч үүнийг зөвшөөрч өөрт холбогдох хувийг авсан. Хэрэв ганданд хамаатай байсан бол авахгүй шүү дээ. Түүнээс хойш TV9 телевиз бий болж буддын шашныг сурталчлан, хэвлэл мэдээллийн орон зай дээр шударга ёсны байр суурийг эзлээд ард түмэндээ нэртэй телевиз болсон. Ийм л зам туулсан телевиз. Түүнээс биш ганданд өгсөн телевизийг Н.Энхбаяр хувьдаа завшаад хулгай хийсэн юм ерөөсөө байхгүй. Би тэгж чадахгүй. Яагаад гэвэл би үйлийн үр гэж байдгийг мэддэг, бурхан шашны соёл уламжлалыг судалсан хүн. Гандангаас би ширхэг хадаас ч хулгайлахгүй. Үүнийг би хариулагатайгаар шүүх танхимд хэлье. Мөн TV9 телевизийн асуудлаар 2009 онд Ша.Батбаярын гомдлын дагуу АТГ шалгасан. Би яг л үүнийг хэлсэн. Өөр юу ч нэмж хасч хэлээгүй” гэсэн юм.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 0 )