Н.Энхбаяр нарыг шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг хоёр дахь өдрөө Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд шүүж эхэллээ. Өчигдөр 10.00 цагаас эхэлсэн шүүх хурал оройн 21.15 цагт завсарласан. Өнөөдрийн шүүх хурлаар шинжээдчээс асууж тодруулах зүйлээ асууснаар шүүх хурал эхлэх юм. Өчигдөр шүүгдэгчид болох Н.Энхбаяртай хамт До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нар мэдүүлгээ өгсөн билээ.
    Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан хүндэвтэр зүйл ангиар буруутгаад буй. Тодруулбал, “Өргөө” зочид буудлын хувьчлалын асуудал, “Улаанбаатар таймс” сонины хувьчлалтай холбоотой асуудал, ТV9 телевизийн асуудал, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал, Баянзүрх дүүргийн долдугаар хороо, Энхтайваны гудамжны 104 тоотыг 630 мянган ам.доллараар худалдан авсан зэрэг нийт долоон тэрбум төгрөгийг хувьдаа завшсан гэх таван хэргээр шүүж байгаа.

Хэрвээ шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу бүх эд хөрөнгийг хурааж, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх аж. Хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар, өмгөөлөгчөөр Ц.Цэрэнжээ, Б.Сайнгэрэл, С.Нарангэрэл, Л.Өлзийнхүү, К.Бауржин нар оролцож байна.

Х.Заяа



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top