Гэрчүүдийн мэдүүлэг Н.Энхбаярын мэдүүлгээс зөржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

Өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдүүлэг өгөхдөө TV9 телевиз хэрхэн мэндэлсэн талаар маш тодорхой ярьсан. Тодруулбал, тэрээр Японы “Агашү” байгууллагад буддын шашны телевиз байгуулах  хүсэлт гаргасны дагуу телевизийн тоног төхөөрөмж бэлгэнд авсан. Гэхдээ тэрхүү тоног төхөөрөмжийг Д.Чойжамц хамба бид хоёрын дунд бэлэглэсэн. Харин хамба бид хоёрт гаалийн татварыг төлөх чадвар байгаагүй. Тиймээс “Таван богд” компанийн захирал Ц.Баатарсайхантай холбоо барьж дээрх тоног төхөөрөмжийн гаалийн татварыг төлөөд оруулж ирээч, буддын шашны телевизийг бүгдээрээ байгуулъя” гэсэн. Ц.Баатарсайхан захирал ч бидний саналыг хүлээн авч татварыг нь төлж оруулж ирсэн” гэж ярьсан.

Харин дөнгөж сая улсын яллагч Д.Чойжамц, Ц.Баатарсайхан нарын мэдүүлгийг шүүх танхимд уншиж танилцууллаа.  Гэрч Д.Чойжамц “Н.Энхбаяр бид хоёрын дунд өгсөн гэж ярьдаг. Би бол шашинд өгсөн юм болов уу гэж боддог. Ер нь бол гандан энэхүү телевизийн тоног төхөөрөмжийг өгөхөөс хоёр жил гаруйн өмнө Японы “Агашү” байгууллагаас хүсэлт ирсэн. Харин Н.Энхбаяр ямар хүсэлт тавьж байсныг би мэдэхгүй байна. Бидний хувьд Монголоос явахдаа телевизтэй болох гэж байгаа юм байна л гэж очсон” гэжээ. Харин гэрч Ц.Баатарсайхан “Миний хувьд бурхан шашны гэдэг асуудал яригдсан учраас тусалъя гэж гаалийн татварыг нь төлж өгсөн. Ямар ч монгол хүн тэгэх л байсан биз” хэмээн мэдүүлжээ. Ийнхүү TV9 телевизтэй холбоотой асуудлыг шийдэхэд нөлөөлөх гол гэрч нарын мэдүүлэг Н.Энхбаярын мэдүүлгээс зөрлөө.

А.Алтантуяа   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top