Өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд Өвөрхангай, Увс аймгийн тойргийн хороодын хууль зөрчиж байгаа уг асуудлаар “Залуу хуульчдын хос дэнс клуб” төрийн бус байгууллага, Шударга сонгууль-2012 хуульчдын хөдөлгөөн, “Сайн цагийн залуус” төрийн бус байгууллагаас мэдээлэл хийлээ.
УИХ-ын 2012 оны сонгууль болж дууссан ч зарим тойрогт хууль зөрчсөн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Тухайлбал, УИХ-ын 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нар Сонгуулийн тухай хуулийг зөрчиж сонгогчдын саналыг авахын тулд эд бараа үнэгүй тараасан нь нотлогдож, шүүхийн шийдвэрээр үүнийг баталжээ. Мөн хүүхдийн эрхийг зөрчиж сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулсан нь дүрс бичлэг болон бусад баримтаар нотлогдсон гэж мэдэгдлээ.
“Шударга ёс-2012 хуульчдын хөдөлгөөн”-ий тэргүүн А.Гантамир хэлэхдээ “Өвөрхангай, Увс аймгийн тойргийн хороодыг хууль зөрчсөн гэсэн нотлох баримтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дэлгэсэн. 2012 оны Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталсан, гол зорилго нь өмнөх сонгуульд давтагдсан шиг сонгогчийн саналыг худалдаж авах арга хэмжээг таслан зогсоох гэсэн үндсэн зорилготой байсан. Гэтэл Сонгуулийн 10 дугаар хороонд хууль зөрчсөнийг шүүх байгууллага тогтоосон. Энэ үед Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хэрэгжүүлэх үү гэдэг асуудал яригдаж байна” гэлээ.
Энэ асуудалтай холбоотой МАН-ын бүлгээс Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж харьяаллын бус газар нэхэмжлэл гаргасан, хуурамч бичлэг хийсэн хэмээн гомдол гаргаж байжээ. Харин төрийн бус байгууллагын залуус “Монгол Улсын Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2.14-д зааснаар “тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэсэн үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргаж болох эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Мөн 15.4-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасан байдаг гэсэн юм.
Шударга ёс-2012 хуульчдын хөдөлгөөн болон “Сайн цагийн залуус” төрийн бус байгууллагаас СЕХ-нд хандаж шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт үүссэн хууль бус үйлдлийг шүүхээс тогтоосон учир Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын түр үнэмлэхийг хурааж, нэрсийн жагсаалтаас хасах, зохих хариуцлагыг хүлээлгэх мөн авсан арга хэмжээний талаарх мэдээллийг ажлын 10 хоногт багтааж хэвлэл мэдээллээр дамжуулан сонгогчдод мэдээлэхийг шаарджээ.
Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНД
Шаардлага тавих тухай
2012 оны Улсын Их Хурлын сонгууль явагдаж өндөрлөөд нэг сарын хугацаа өнгөрөх гэж байгаа боловч илт хууль зөрчсөн, маргаан дагуулсан тойрог болох Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Увс аймгийн 15 дугаар тойрогт сонгогчдын саналыг татах зорилгоор эд мөнгө, эд бараа үнэ төлбөргүй тараасан, насанд хүрээгүй иргэдийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулсан тухай асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхгүй байгаа явдал нь иргэдийн үндсэн хуулиар олгогдсон төрийн эрхийг шууд барих эрхийг зөрчсөн үйлдэл болж байна.
Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт болсон хууль бус үйлдэл нь олон нийтэд ил тод болж, шүүхээс тэрхүү үйлдлийг хууль бус болохыг нь тогтоосоор байтал Өвөрхангай аймгийн сонгуулийн тойргийн хороо нь тухайн хууль бус үйлдлийг үйлдсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын түр үнэмлэхийг хураан авах, хуулийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авахгүй байгаа нь сонгогчдыг болон хуулийг хүндэтгэхгүй, даган биелүүлэхгүй байгаа үйлдэл болно хэмээн үзэж байна.
Иймд манай "ШУДАРГА СОНГУУЛЬ-2012" хуульчдын хөдөлгөөн болон "САЙН ЦАГИЙН ЗАЛУУС" төрийн бус байгууллагууд хамтран дараах шаардлагуудыг тавьж байна. Үүнд:
1. Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт үүссэн хууль бус үйлдлийг шүүхээс тогтоосон учир Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын түр үнэмлэхийг яаралтай хураан авах, нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас нэрийг нь хасах ажлыг нэн даруй хийж гүйцэтгэхийг тухайн тойргийн хороонд даалгах.
2. Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн дагуу хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд зохих хариуцлагыг хүлээлгэх.
3. Увс аймгийн 15 дугаар тойрогт гарсан зөрчлийг холбогдох байгууллагаар шалгуулан тогтоолгож хуулийн дагуу арга хэмжээ авах.
4. Эдгээр арга хэмжээг хуулийн дагуу авч, авсан арга хэмжээнийхээ талаархи мэдээллийг ажлын 10 хоногт багтаан хэвлэл мэдээлэл болон бусад хэлбэрээр сонгогчдод мэдээлэх.
“ШУДАРГА СОНГУУЛЬ-2012" ХУУЛЬЧДЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТЭРГҮҮН А.ГАНТАМИР
“САЙН ЦАГИЙН ЗАЛУУС" ТӨРИИН БУС БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭНХЖИН
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )