МИАТ-тэй холбоотой асуудлаар өмгөөлөгч С.Нарангэрэл хариу мэдэгдэл хийлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

МУ-ын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой хэргүүд ар араасаа цуварч байна. Түүний нэг нь ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа өөрийн гаргасан хоёр номыг эрх мэдлээ ашиглан үнэ төлбөргүй МИАТ компаниар тээвэрлүүлсэн хэргээр 5-10 жилийн ял тулгагдаад байгаа. Тэгвэл энэ талаар түүний өмгөөлөгч Нарангэрэл цагаатгах хариу баримтуудаа дэлгэлээ. Эхний “Их Монгол улс" номын тухайд гэвэл Н.Энхбаярын дан өөрийн уран бүтээлүүдээ багтсан. Тус номыг БНСУ-ын Сөүл хотод хэвлүүлэн зарж борлуулах ажлыг З.Түмэнжаргалд даатгаж өгсөн. Тэрээр уг номыг төмөр замаар тээвэрлэсэн. /Баримтыг үзүүлэв/ Хэвлүүлэх ажлын төлбөрийг З.Түмэнжаргал 2005 оны 9-р сарын 26-нд нэгэн компаниас зээлсэн тухай гэрээ хийсэн /гэрээг харуулав/. Харин хоёр дахь номын тухайд гэрчээр АТГ-ын Биндэрьяаг татжээ. Түүнээс

Өмгөөлөгч: - “Та хэзээнээс МИАТ ХХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газарт борлуулалтын менежерийн ажлыг хийж байна вэ?

Гэрч Биндэрьяа:  -2001 оноос хойш

Өмгөөлөгч: - Энэ хугацаанд МУ-ын ерөнхийлөгчийн зохиосон 8 боть ном тээвэрлэгдэж байсан уу?

Гэрч Биндэръяа:  -Дээрх номуудыг тухайн үеийн Монголын элчин сайдын яамны ажилтан н.Баярхүү ачуулж байсан. Одоо тэр хүнийг би мэдэхгүй” гэж мэдүүлжээ.

Харин яллагдагч Н.Энхбаяр номынхоо талаар “Энэ нь Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан гаргасан ном бөгөөд улсын хөрөнгөөр хэвлүүлсэн. Энэ номонд гадаадын нэр хүндтэй улс төрч, алдартнуудын  явуулсан албан бичиг, захиа, талархал, мэндчилгээ  зэрэг багтсан" гэж мэдэгдсэн байна.

Өмгөөлөгч С.Нарангэрэл: Тус ном нь МИАТ компаниар ачигдаж ирсэн бөгөөд 2007 оны дөрөвдүгээр сарын 5-нд н.Чулуунбаатар Сөүлээс 4070 кг “Их Монгол улс” нэртэй номыг тээвэрлүүлсэн. Тээврийн зардал 4145 ам.долларыг төлөх баталгааг МИАТ-д гаргаж өгсөн. Гэвч тухайн үед баталгаанд заасан хугацаанд төлөөгүй тул МИАТ-ээс нэхэмжлэл гаргасан байсан. Тус нэхэмжлэлийн дагуу төлбөрийг хийж, 2009 гуравдугаар сарын 1-нд тус хэргийг хэрэгсэхгүй болгосон хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top