Өмгөөлөгч С.Нарангэрэл таван хэргийг тус бүрт нь задлаж мэтгэлцэхийг дахин хүслээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

МАХН дарга Н.Энхбаяр, иргэн До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт холбогдох хэргийг шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдрийн шүүх хурлын төгсгөлд Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хурлыг Эрүүгийн байцаах хуулинд заасны дагуу мэтгэлцээний журмаар явуулах ёстой гэсэн хүсэлтийг шүүгчдэд тавьсан юм. Харамсалтай нь шүүх түүний хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд хуулиа сайн унш гэсэн хариултыг өгсөн. Харин энэ талаар өмгөөлөгч С.Нарангэрэл ярихдаа "Надад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хамгийн сүүлийн хэвлэл байна. Энэ хуулийн 17-р зүйлд эрүүгийн шүүн таслах үйл ажиллагааг талуудын эрх тэгш байдлыг хангаж, мэтгэлцээний үндсэн дээр явуулна гэсэн заалт байгаа. Энэ нь яллах, өмгөөлөх талууд тэгш эрхтэй оролцоно гэсэн үг. Мэтгэлцэн гэдэг бол маргана гэсэн үг. Өөрөөр хэлбэл нотлох баримтыг шинжлэн судалж, уг нотлох баримт үнэн үү, хуурамч уу гэдгийг шинжлэн тогтоодог зарчим юм. Тиймээс энэ зарчмыг хэрэглэхгүйгээр, цаас харж уншчихаад хэргийг шийдэх юм бол хүний эрх, эрх чөлөөг хохироож, хүний хувь тавилангаар тоглох байдалд очдог. Ер нь энэ зарчмыг шүүх хуралд хэрэглэхгүй байгаа нь шүүгчид, хуульчдын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, хүний эрхийг хамгаалахын төлөө санаа тавих явдал хангалтгүй байгааг харуулж байна” гэсэн юм. Мөн тэрээр улсын яллагч Ё.Сагсайд хандан “Залуу хүн, цаашид олон хэрэг дээр ажиллана. Тэгэхээр ийм байдлаар хүний хувь тавилангаар тоглож болохгүй” гэлээ. Ийнхүү өмгөөлөгч С.Нарангэрэл Н.Энхбаярт холбогдуулан шалгаж буй таван хэргийг тус тусад нь задлан мэтгэлцэх хүсэлтийг одоо ч тавьсаар байгаа юм.  

Харин улсын яллагч Ё.Сагсай өмгөөлөгчдийн няцаалтын эсрэг хариултуудыг өгч, яллах үндэслэлүүдийг уншсаар байна.

А.Алтантуяа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top