Улсын яллагч миний үйлчлүүлэгчийг 2000 онд УИХ-ын гишүүн байхдаа гандангийн хамбатай Япон улсад зорчин Айонши байгууллагад очсоных нь төлөө гандангийн итгэмжлэгдсэн эд хариуцагч гэж үзэж байгаа юм байна. 2008 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 150-р зүйлд зааснаар албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн заалт энэ хуулинд байхгүй. Миний үйлчлүүлэгчийг эрх мэдлээ ашиглан гандан хийдэд хохирол учруулж, хувьдаа завшсан гэсэн байна. Гандан хийдэд хохирол учирсан байх нь хэнд, ямар хэрэгтэй байдаг юм бэ? Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42-ын 2-т заасан эд материал болон сэтгэл санааны хувьд хохирсон иргэн байгууллагыг хэлнэ гэж заасан байдаг. Гандан өнөөдөр энд яригдах ямар ч үндэслэлгүй юм. Учир нь гандан хохироогүй. Хохирсон завшсан үйлдэл гэдэг нь эд зүйлийг авчихаад хувьдаа ашигладаг үйлдлийг хэлдэг. Гэтэл 13-р хавтасны 69-т байгаа Гандан хийдийн хамба лам нар нь очоод мөнгөө харилцан тохироод хуваагаад авчихжээ. Энэ нь тухайн эд зүйлийг хувааж авсныг гэрчилж байна. Айонши байгууллагын сертификат нь энэ байна /үзүүлэв/. Энэ баримтад Цүцими гэдэг хүний нэр бичигдсэн байна. Энэ хүний нэр яаж орж ирсэн юм бэ? Хавтаст хэрэгт мэдүүлэг өгсөн Баасан, Алтан-Очир, Нинж гэдэг гэрч нар Цүцүми биш Катаяама, Ассасаки гэсэн 3 хүний нэрийг ярьсан байдаг. Үүнээс үзэхэд манай үйлчлүүлэгч субьект биш гэдэг нь тодорхой байна. Үүнээс гадна 14-р хавтасны 43-р хуудсанд гэрч Баатарын мэдүүлэгт “Айоншигийн урилгаар Энхбаяр их сургуулийн удирдлагуудтай жил болгон очдог юм байна лээ. Н.Энхбаярын хувьд явахаасаа өмнө харилцаа тогтоосон байсан” гэсэн мэдүүлэг өгчээ. Энэ нь түүнийг Айонши гэдэг байгууллагын урилгаар очиж иргэн хүнийхээ хувьд оролцож байсан гэдгийг гэрчилж байгаа бөгөөд өөрийнхөө эрх мэдлийг тэнд хэрэгжүүлээгүй гэдгийг нотлож байна. Үүнээс үзэхэд маргаж байгаа тэр ТВ-ийн тоног төхөөрөмж нь бэлэг гэдэг нь нотлогдож байна. Мөн хавтаст хэргийн 14-ийн 24-р талд байгаа Гаалийн ерөнхий газраас АТГ-д Айошигоос өгсөн бичиг байгаа. Тус баримтанд “Эрхэм ноён Энхбаяр”т гэж хаягласан гаалиар нэвтрүүлэх бичиг бий. 132-р хуудсанд Энхзул гаалийн байцаагч нь “Энэ бараа Н.Энхбаярын нэр дээр ирсэн. Д.Чойжамц надаас барааны талаар асууж ирээгүй” гэж мэдэгджээ. Үнэхээр Япон улсаас орж ирсэн тоног төхөөрөмж нь гандангийнх юм бол гаалиар орж ирэхдээ яагаад гандангийн нэр дээр бичиг баримтаа бүрдүүлээгүй вэ? Тэгэхээр энэ нь Н.Энхбаярт бэлэглэсэн цэвэр бэлэглэлийн шинжтэй тоног төхөөрөмжүүд байсан гэдгийг нотолж байгаа тул цагаатгалын баримт болж байна.
Сэтгэгдэл ( 0 )