“МАХН-ын дарга Н.Энхбаярыг Японы буддын шашны байгууллагаас хандивласан телевизийн тоног төхөөрөмжийг хувьдаа ашигласан, “Өргөө” зочид буудлын хууль бус хувьчлал, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг шилжүүлсэн, МИАТ-ийн онгоцоор номоо үнэ төлбөргүй тээвэрлүүлсэн, “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын асуудал гэсэн таван үндэслэлээр шүүж байгаа билээ. Дээрх хэргүүдэд хамтран шүүгдэж байгаа До.Чулуунбаатар, М.Мягмаржаргал, Дуламсүрэн нар хуулийн заалтын дагуу шүүх хуралд сүүлийн үгээ хэллээ. Тодруулбал “Улаанбаатар таймс” сонины хэрэгт холбогдож буй До.Чулуунбаатар ярихдаа “Шүүгч та бүхэн эр зориг гаргаж хэвлэл мэдээллийнхнийг оруулж түмэн олонд харуулсан нь оновчтой шийдвэр байлаа. Энэ байдал Монголын шүүхэд дэлгэрэх байх гэж бодож байна. Үүний төлөө зовлон үзсэн хүнийхээ хувьд би мөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиллах хэрэгтэй юм байна. Шүүхийн үйл ажиллагааг харуулдаг телевиз байх хэрэгтэй юм байна.
Ингэснээрээ ардчилал, эрх чөлөөг авчирч, нийгмийн алагчлал, хүнийг дарангуйлах, хууль бус байдлаас сэргийлнэ гэдэгт би бат итгэлээ. Ингээд хэд хэдэн зүйл дээр эрхэм шүүгчдийг анхаараасай гэж хүсье. “Улаанбаатар таймс” сонин дээр гэнэт нэг хүн давхиж ороод хувьчлал хийсэн гэж ойлгоод байх юм аа. Энэ хувьчлалыг эрх бүхий байгууллагуудаас нь 2004 онд шийд нь гараад менежментийн хувьчлал явагдчихсан байсан. Энэ нь зөвхөн төрийн өмчид байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл бус Монголын бүх хэвлэл мэдээлэлд хамааралтай хувьчлал байсан. Төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн байгууллага байгуулж болохгүй гэсэн эрх чөлөөний хууль гарснаас хойш ийм арга хэмжээг авсан юм. Тэгэхдээ менежментийн хувьчлал гээд тэр нь тодорхой хугацааны дараа хувьчлалаа хийдэг. Энэ л зарчмаар явсан. Харин үүнд үлдсэн цорын ганц хэвлэл мэдээлэл нь “Улаанбаатар таймс” сонин юм. Тэгэхээр нийгэм, цаг үеийн шаардлага, хүндрэл бэрхшээл, хүмүүсийн ажиллах хүсэл зориг, хотын захиргааны туйлдалт зэрэг асар олон зүйл нийлж байж энэ хувьчлал явагдсан. Ганцхан До.Чулуунбаатар гэдэг хүн очоод уулыг өргөж, усыг буцаадаг гэдэг шиг хийгээгүй. Хэлэхэд амархан. Гэтэл маш хэцүү байсан. Би гэнэт давхиж ороод хүмүүсийг хөөж гаргаад авчихсан юм байхгүй. 30 жил хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллачихаад өнөөдөр хэрэгтэн гэгдээд ял сонсохдоо тулаад байна. Өнөө орой гэртээ харих уу, үгүй юу гэдэг байдалд хүрчихээд байна” гэсэн юм.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 0 )