Энэ долоо хоног манай орны улс төр, спортын амьдралд халуун үйл явдлууд өрнөсөн, монголчууд Лондонгийн олимп, Н.Энхбаярын шүүх хурлаар амьсгалсан сонирхолтой гэмээр өдрүүдээр дүүрэн байлаа.
Манай улсын жүдогийн тамирчид Олимпийн дэвжээнээс мөнгө, хүрэл медаль хүртэн, алсын Европын тэнгэрт төрийн далбаагаа мандуулан, сүлд дууллаа эгшиглүүлж нутаг нэгтнүүдээ баяр бахдлын нулимсанд умбуулахтай зэрэгцэн Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох шүүх хурал бүтэн гурван өдөр сунжран, манай улсын урдаа барьдаг өмгөөлөгч, шүүгчид хуулийн цэц мэргээ сорин мэтгэлцэн байж арайхийн шийдээ гарган өндөрлөлөө.
Өчигдөр орой гэхэд Лондонгийн олимпод жүдогийн төрлөөр -100 кг-т зодоглосон Н.Түвшинбаяр маань хөлийн гэмтлээ үл хайхран баатарлагаар тулалдан мөнгөн медаль хүртэж жинхэнэ эр зоригтой Чингисийн монгол хөвүүн гэдгээ батлах тэрхүү баярт агшинтай давхцан Н.Энхбаяр нарыг яллан хорих анги руу ачсан бараан үйл явдал болж өнгөрөв.
Монгол даяараа эрэлхэг хүүгээрээ бахархсан ялалтын уухай цууриатуулж байх агшинд Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа Н.Энхбаярыг дэмжигч хэсэг цуглан шүүгч яллагчдыг харааж зүхсэн эсэргүүцлийн уухай хашгирцгааж байлаа.
Энэ мэтчилэн цагаан, хар сүлэлдсэн сонин өдөр хоногууд урсан өнгөрсөөр... Хүмүүний амьдрал аа гэж...
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )