МАХН-ынхан толгойгоо мэднэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 03

Хэдхэн мөчийн өмнө МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн удирдах зөвлөлийн зарим гишүүн болох Э.Эрдэнэжамъян, З.Баянсэлэнгэ болон Н.Энхбаярын туслах Б.Тулга нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Өчигдөрхөн Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярыг үндэслэлгүйгээр хэлмэгдүүллээ хэмээн түүний намын нөхөд нь үзэж байгаа юм байна.

Ингэхдээ Н.Энхбаярыг ялласан нь хууль шүүхийнхний үнэн нүүр царайг илчиллээ, тэд хэний заавраар удирдлагаар ажилладаг нь нэгэнт тодорхой хэмээсэн юм. Тэдний үзэж буйгаар АН-ынхан хамтарсан ЗГ-ын гэрээнд гарын үсэг зурахдаа хууль болон шүүх засаглалыг шударга байлгаж, хэн нэгнийг хилсээр хэрэгт тохохгүй гэсэн зарим гэрээнд тусгасан нөхцлөө биелүүлсэнгүй. Шүүх үнэхээр нэг талд ажиллалаа. Жишээ нь гэхэд шүүх хуралдааны танхимд прокурор н.Мөнхбаатар байнга утсаараа мессэж бичээд байсан. Тэгээд түүнийгээ Улсын яллагч Сагсайд уншуулсан гэдгийг Б.Тулга онцолж байлаа.

Мөн намынхаа даргын асуудлаас болж МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийнхэн Засгийн Газарт хамтрахгүй байх хүртэл хэмжээний асуудал яригдаад байгааг сэтгүүлчид лавлахад

МАХН-ын УЗ-ийн гишүүн, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Одоогоор тийм зүйл хараахан яригдаагүй байгаа. Зарим асуудал дээр үзэл бодол таарахгүй зүйлүүд бий. Тус асуудлыг манай УЗ-ийн хурал тун удахгүй хэлэлцэнэ гэв. Ийнхүү МАХН-ын одооноос эхлэн толгойгоо мэдэн яахаа шийднэ хэмээнэ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top