Ерөнхий сайдын айлчлал түр хойшиллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 04

Өчигдөр УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайд С.Батболдыг ирэх долоо хоногт Лондон хотод хийх гэж байгаа айлчлалаа түр хугацаагаар хойшлуулахыг хүсч, албан бичиг илгээсэн билээ. Учир нь ирэх долоо хоногт АН-ын бүлгийн зүгээс шинэ Ерөнхий сайдыг томилох, шинэ Засгийн газрыг байгуулах талаар зөвшилцөх саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тиймээс төрийн үйл хэргийг тасралтгүй явуулахын тулд Ерөнхий сайдыг айлчлалаа хойшлуулахыг хүсээд байв.

Ерөнхий сайд С.Батболд 2012 оны зуны олимпод оролцож байгаа Монголын тамирчдаа дэмжихээр ИБУИНВУ-ын нийслэл Лондон хот руу өнөөдөр мордох гэж байсан юм. Ингээд ерөнхий сайд хүсэлтийг хүлээн авч, айлчлалаа түр хугацаагаар хойшлуулсан байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн төр засгийг шинээр эмхлэн байгуулж, улстөрийн намуудтай зөвшилцөх ажлыг шуурхайлахад байлцах ёстой гэсэн шийдэлтэй нь холбоотой бололтой.

Уг нь сайдын айлчлах төлөвлөгөө хоёр сар орчмын өмнө төлөвлөгдөж батлагдсан юм байна. Учир нь дэлхийн бусад орны төр, засгийн өндөрлөгүүд тухайлбал, Ерөнхийлөгч нь олимпийн нээлтийн үйл ажиллагаанд оролцдог бол Ерөнхий сайд нь олимпийн хаалтын ажиллагаанд оролцож, тамирчдаа дэмжин, амжилтыг нь баталгаажуулж урам зориг өгч, улмаар олимпийн медальтнуудаа эх орондоо авч ирдэг эрхэм уламжлалт харилцаатай холбоотой аж.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top