МАХН-аас мэдэгдэл гаргалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 06

МЭДЭГДЭЛ

     Монгол оронд улс төр, эдийн засаг, оюун санааны бүхий л хүрээнд нийгмийн шударга ёс алдагдаж, авилга хээл хахууль хавтгарсныг монголчууд бүрэн мэдэрч түүнтэй тэмцэж байгаа энэ үед Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг зохиомол хэргээр хилсдүүлэн ялласан нь Монгол оронд улс төрийн хэлмэгдүүлэлт бий болсныг дэлхий дахинд харуулсан шившигтэй үйл ажиллагаа боллоо гэж үзэн МАХН-аас дараахь мэдэгдлийг хийж байна: 

  1. Хууль бус аргаар гэрч, шинжээчийн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтыг цуглуулж, нэхэмжлэгч, хохирогчгүй хэргийг үүсгэж ямар ч мэтгэлцээнгүй тулган тасалж буй Авилгатай тэмцэх газар, Нийслэлийн прокурор болон анхан шатны шүүхийн үйл ажиллагаа нь шүүх улс төрөөс хараат бус байх зарчим алдагдсаны тод илрэл гэж үзэн, шударга шүүхээр шийдвэрлүүлэх Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх зөрчигдөж буйг харууллаа.
  2. Шударга ёсыг хамгаалагчийн хувьд иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалах  тангарагаа умартсан нэр бүхий улс төрчдөөс хараат үйл ажиллагааг  эрс буруушаж байна.
  3. Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилготой Үндсэн хууль  батласаны 20 жилийн ойн босгон дээр ардчиллын ололт амжилт, олон улсын хэмжээнд Монгол Улсын нэр төрийг унагасан  улс төрийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохыг шаардаж байгаагаа мэдэгдэж байна. 

                                                                       МАХН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top