Н.Батцэрэг: АН-ын байр суурийг манай гишүүд хүлээж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 06

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж тарлаа. Өнгөрсөн тав дахь өдөр МАХН-ын удирдах зөвлөлөөс сэтгүүлчдэд хийсэн мэдээллээр  тус бүлэг задрах хэмжээний асуудал яригдаад авсан. Мөн “Шударга ёс” эвсэл хамтарсан Засгийн Газарт орж ажиллахгүй гэх бор шувуу жиргээд байсан юм.

Энэ талаар МАХН-МҮАН-ын бүлгийн дарга Н.Батцэрэгээс тодрууллаа.

-Засгийн газарт орж ажиллах тал дээр танай нам ямар байр сууртай байна вэ?

-Засгийн Газар байгуулах яаралтай ажиллагаа эхлүүлэх нь зөв. Ардчилсан намтай хоёр талаасаа ажлын хэсэг гаргаад ажлын хэсэг нилээд хугацаанд уулзалдаад эхний гэрээг хийгээд амжилттай өрнөсөн боловч зарим нэг зүйлүүдийг бид нарийн дуустал хийгээгүй байна. Хичнээн яамдтай байхын, яамд ямар чиг үүрэг байх юм. Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй хамтарсан засгийг бүрдүүлж байгаа улстөрийн нам эвслүүдийн  хөтөлбөр, ямар зүйл заалтууд суух юм гэхмэтчилэн  ажил хэргийн зүйлүүд маань хэлэлцэгдээгүй байгаа учраас ажлын хэсгүүд ойрын үед уулзалдан хуралдаж ажлаа хийх нь зүйтэй хэмээн гишүүд ярилцаж байна.

-АН-ын бүлгийн дарга хэлэхдээ шүүхийн шиийдвэр гартал байр сууриа илэрхийлэх ёсгүй гэсэн мэдээлэл өгч байсан. Та бүхэн яг ямар байдлаар байр сууриа илэрхийлээч ээ гэж хүсч байгаа юм бэ?

-Бид нар ямар ч байсан хамтраад Засгийн Газраа байгуулж байгаа учраас хамтрагч тал болох МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн даргийг бидний үзэж байгаагаар бол анхан шатны шүүх дээр алдаа гаргаж хилс хэрэгт тулган яллалаа гэж намуудын дүгнэлтэнд дурьдсан байлаа. Бид нар ийм байр суурьтай байхад Засгийн Газрыг хамтран байгуулахад голлох рольтой оролцож байгаа АН-ын зүгээс бол энэ талаарх өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх нь зүйтэй гэж манай гишүүд үзэж байгаа.

-Хэрвээ АН-ынхан дуугарахгүй бол танай эвслийн зүгээс ямар нэгэн улстөрийн шийдэл гаргах уу?

-Ер нь Засгийн Газраас гарах орох тухайд манай “Шударга ёс” эвслийн удирдах зөвлөлийн хүрээнд, бүлгийн хүрээнд бидний одоогоор байгуулаад ажил эхлээд явж байгаа энэ гэрээтэй холбоотой, тэр гэрээнд эргэлзээ оруулсан ямар нэгэн асуудал хөндөж яриагүй байгаа.

-Эвсэл дотроо зөрчилтэй асуудлууд гараад байгаа талаар гадуур яриа гараад байна?

-Ер нь бол бүлэг дээр ямар нэгэн тэрсэлдсэн, зөрчилдсөн зүйлүүд байхгүй. Мэдээж хэрэг хоёр нам байгаа учраас зарим нэгэн үл ойлголцлын зөрүүнүүд байдаг. Хувь хүмүүсийн бас өөрсдийнх нь байр суурь байгаа тэр болгонд бид нар хүндэтгэж хандаж байгаа.

-Нам даргаа урдаа барьж улс төр дээр шантаач хийж байна гэсэн ойлголт байгаа. Энэ тал дээр тайлбар хийнэ үү?

-Ямар ч шантааж хийсэн зүйл байхгүй шүү дээ. Болж байгаа үйл явц дотор Засгийн газрыг хамтран байгуулахаар түрүү барьж байгаа зүйл байхгүй.

А.ТЭМҮР

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top