Д.Эрдэнэбат: Ардчилал, хэлмэгдүүлэлт хоёр зохицож болохгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 07

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ “Өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулган үргэлжилж байна. Анхдугаар чуулганаараа бид нар байнгын хороодоо байгуулах асуудлаа хэлэлцүүлэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурал найман байнгын хороонд гишүүдийнхээ бүрэлдэхүүнийг багтаан өнөөдөр үдээс өмнө баталлаа.

Ойрын үед үүссэн улстөрийн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр УИХ-ын ажлыг зогсоосон нь бодит явдал мөн. Энэ асуудал юунаас үүдэлтэй вэ гэдэг нь ч нийгэмд өөрөө тодорхой байгаа. “Шударга ёс” эвслээс бид хамтарсан Засгийн газарт ажиллах гэрээгээ байгуулаад ажиллаж байгаа. Тус эвслээс цаашид бидэнтэй хамтрахаа илэрхийллээ. Тийм учраас өнөөдрөөс эхлээд УИХ-ын үйл ажиллагаа цаашдаа тасралтгүй явна гэдэгт эргэлзэхгүй байгаа.

Бид хүлээсэн үүргэндээ шударга ёсыг тогтоох, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, авилга хээл хахуултай тэмцэх, нийгмийн баялгийг шударга хуваарилах, ажилгүйдэл ядуурлыг бууруулах зэрэг олон зүйлсийг гэрээндээ тусгасан. Энэ бол бидний эн тэргүүнд хийх ажил мөн гэж бид шийдвэрлэсэн.

Нам эвслүүд улстөрийн хэм хэмжээг баримтлан ажиллана гэж гэрээнд заасан заалтаа бид нэн тэргүүнд баримтлах нь зүйтэй гэж үзээд цаашдынхаа хамтын ажиллагаагаа зөв ойлголцол дээр явуулъя гэж ойлголцсон. Сүүлийн үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой асуудлаар манай хамтрагч эвслийнхэн маань байр сууриа идэвхтэй илэрхийлж байгаа. АН хамгийн гол зарчим болох УИХ бол шүүх эрх мэдлээ хэрэгжүүлдэг байгууллага, шүүх бол өөрийн үндсэн хуулиар хамгаалагдсан гол байгууллага, шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгийн улстөрийн намууд, байгууллага, хувь хүмүүс хэрхэвч нөлөөлж болохгүй гэсэн үндсэн хуулийн хатуу зарчмыг баримталж ажиллах нь чухал гэсэн байр суурьтай байгаа гэдгээ илэрхийлж байна.

Гэхдээ Монгол улсад социализмын үед бий болж байсан хэлмэгдүүлэлтийг бид энэ ардчиллын үед дахин гаргаж болохгүй. Ардчилал хэлмэгдүүлэлт хоёр зохицож болохгүй гэсэн байр суурин дээр АН төдийгүй Монголын олон нийт санал нэгдэх байх гэж бодож байна. Бид хамгийн гол нь төрийн ажлыг цаашид нь зөв явуулах эрхзүйн зарим нэгэн орчныг өөрчлөх ялангуяа бидний анхаарах ёстой эрхзүйн хуулиа хуучин тогтолцооноос өөрчлөх нь зүйтэй гэсэнтэй санал нэгдэх ёстой.

Тийм учраас бид эрхзүйн орчныхоо шинэчлэл рүү бусад бүх нам эвслүүдтэйгээ хамтарч ажиллана гэдэг байр суурьтай байгаа. МАН-тай холбоотой зөвшилцлийн тал дээр бид олон талын гарцыг хайж байгаагаа хэлэх хэрэгтэй. АН өнөөдрийг хүртэл байр сууриа аливаа нэгэн шаардлага тулгалт бол байх ёсгүй гэдгээр илэрхийлж байна. Бүх зүйлийг бид хуулийн дагуу зөвшилцөх ёстой гэсэн байр суурин дээр өнөөдрийг хүртэл зогсож байгаа. Гэхдээ бид аль аль талаасаа зөв гарцаа хайх ёстой. Бидний харж байгаа зөв гарц бол УИХ-ын үйл ажиллагаа цаашдаа жигд явах ёстой. Их хурал олонхоо бүрдүүлсэн учраас энэ үйл ажиллагааг цаашид явуулахад Ардын нам маань хуралдаандаа оролцох нь зарчмын асуудал гэдгийг бид бас хэлэх ёстой байх.

Хоёрдугаар асуудал бол хэрвээ бид зөвшилцье гэж байгаа бол Өвөрхангайн сонгуулийн тойрог дээр маргаантай үүссэн асуудлыг хоёр талаасаа ойлголцох хэрэгтэй. Энэ бол хэн хэндээ хийх тулгалт биш, хоёр талаасаа ойлголцоод иргэнийхээ шүүх, захиргааныхаа шүүхээр шийддэг журмаараа шийдэх ёстой. Үүнийг бид нар зөвшилцөл гэж ойлгож байгаа” гэж тэрээр үүсээд байгаа улстөрийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

А.ТЭМҮР

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top